Шууд Chart

“Нисдэг” сүргийн эзэн

2021-06-16 12:37:54

“Сэтгүүлчийн аян замын тэмдэглэл заавал бичиж ирж бай. Явсан газраасаа “яс зуухгүй” бол чи сэтгүүлч  болох гэж бодсоны ч хэрэггүй” гэж намайг анх нам засгийн “Үнэн” сонины өндөр босгыг давахад л сонины эрхлэгч, Хөдөлмөрийн баатар, соёлын гавьяат зүтгэлтэн Лодонгийн Түдэв гуайн шулуухан бөгөөд хатуухан хэлсэн үг сэтгэл зүрхэнд маань хадаастай үлдэж. Саяхан МҮОНТ-ийн уран бүтээлчид  Ардын хувьсгалын баярт зориулсан нэвтрүүлэг бэлтгэхээр Сэлэнгэ аймгийг зорилоо. Сүхбаатар хотод цар тахлын дэгдэлт их учир аймгийн удирдлагууд биднийг Шаамар суманд байрлуулсан юм.

Ямар ч дагшин сайхан нутаг вэ, Сэлэнгэ аймгийн Шаамар сум гэдэг. Битүү ногоон модон дунд байх. Ган тайлж хоёр хоног бороо оров. Зөөлөн цагаан бороо шивэрч, хашаа хорооны ёроол, бүр цардмал замын хашлаганы хажуугаас ч мод бут нахиалж навчилж байх юм. Ёстой л нөгөө саваа мод хавар хатгаад орхиход намар навчилж ургахаар шимтэй хөрстэй нутаг Шаамарын шар  тохой юмсанж. Талхаа өөрсдөө барьдаг, тахиа, гахайгаа өөрсдөө өсгөдөг, жимсний, ногооны дармалаа өөрсдөө хийдэг, зөгийгөө өөрсдөө өсгөдөг энэ нутгийнханд дэлгүүрээс, гаднаас худалдаж авдаг хүнсний зүйл гэж үгүй, бүгд эко. Энэ сайхан нутагт 13 жилийн өмнө сурвалжилж явсан зөгийчин Д .Эрдэнэчимэг бүсгүйтэй уулзсан маань тэмдэглэл  тэрлэхийн сэдэл байлаа.  

2007 оны үед санагдана. Зөгийний нэртэй доктор, эрдэмтэн Хөхөөгийн Отгонбилэг телевизид ирж “Манай зөгийчин Д.Эрдэнэчимэгийн ихэр хүүхдийн нэгнийх нь толгой руу багш нь заагуур модоор цохисноос болж  хавдаад хорт хавдар болсон харамсалтай үйл явдал боллоо” гэсэн мэдээлэл өгсний мөрөөр л “хэрэгт дурлаж” сурвалжилсан билээ. Тэр үед Д.Эрдэнэчимэгийн нөхөр түүнийг гурван хүүхэдтэй нь орхиод өөр амьдрал хөөсөн болохоор хоёр хүүхдээ Шаамарт аав ээж дээрээ үлдээгээд өвчтэй охиноо эмчлүүлэхээр Эх нялхасын эмнэлэгт ирэхээс өөр зам байсангүй. 10 гаруй жил ханилсан,  гурван сайхан үрийг нь төрүүлсэн Д.Эрдэнэчимэгт нөхөртөө гомдохын дээдээр гомдсон  ч алаг үрийнхээ алтан амийг аврах гэж байдгаа зарж, Улаан-Үд , Улаанбаатар гээд л яваагүй газар гэж үгүй. Тухайн үедээ Үндэсний телевизээр бодит үйл явдлын тухай гарсан нь үрийнх нь амь дээсэн дөрөөн дээр байсан эхийн сэтгэлд өчүүхэн ч атугай гэрэл гэгээ татсан биз. Гэвч охин амьдарсангүй. Долоон настай хаврын цэцэг  шиг сайхан охиноо алдсан уй гунигт автсан залуу бүсгүйг Шаамартаа эргээд очиход жавар хургасан хөлдүү байшин, эцгээсээ амьдын хагацал үзсэн, эхийгээ бэтгэртэл санаж хүлээсэн хоёр жаал нь угтсан гэдэг.

“Надад амьдрал утгагүй санагдсан өдөр мөн ч олон байсан даа ... Маллаж байсан зөгийн бүл маань бараг үгүй болж, хашаа хороо маань нурчихсан, байшингийн маань халаалт тас хөлдчихсөн, нэг өвлийг би  хүүхдүүдтэйгээ бараг л гадаа өнгөрөөсөн дөө. Хоёр хүүхдийн сургууль хүмүүжил ч хаана явааг бүү мэд. Сэтгэлийн гэрэл гэгээ алдарч, хааяа ганц нэг лааз пиво уухаар сэтгэл сэргэж дотор онгойх шиг болдог байж. Гэтэл нэг удаа охин маань “Ээж ээ, манай ангийн хүүхдүүд танай ээж архичин болсон юм уу гэж байна. Та битгий архи уугаарай” гэсэн энэ үг л намайг амьдралын шинэ зам руу хөтөлсөн” гэж Д. Эрдэнэчимэг ярьсан.

Хоёр хүүхдээ хөтлөөд амьдрал өөд зүтгэлээ. Хоёр хүүхдээ боловсролтой болгож, би хүний дайтай амьдрах ёстой. Бүх хүчээ шавхаад зүтгэсэн. Зөгийн бүлээ нэмж, найз нөхдийн өгсөн дээр нэмэрлэн хэдэн бүл зөгийтэй болоотхов. Зөгий их ухаантай, бэлэг дэмбэрэлтэй амьтан. Зөгийн хоёр ч сүрэг манай модон дээр өөрсдөө нисэж ирсэн шүү. Түүнийг алгаа тосон, аргадан байж авлаа. Зөгийгөө бөөцийлж, хоёр хүүхдээ өсгөж, зовлонгийн өмнө шүд зуун зүтгэсээр, нурсан аж ахуйгаа аажим аажмаар босгосоор,   сэтгэлийн гуниг зовлон хаврын салхинд эврэх аргал лугаа өдөр өдрөөр сэвэрсээр л байж.  

40 гаруй жил зөгий малласан Д.Эрдэнэчимэг зөгий гэдэг амьтны  ааль, авир, зан араншин, ашиг шим, ажилсаг чанар, үржил хөгжлийг нүдэнд харагдтал ярина. Зөгийн бал амталснаас өөр мэдлэггүй надад зөгийгөө оторт гаргана, зөгийний сүүнцэр уух гэж их холоос хүмүүс манайхыг зорьж ирдэг гэж түүний ярианы  учрыг нь нарийн ойлгохгүй ч нэг л сонин.

Хаан зөгий, хатан зөгий, ажилчин зөгий тэр бүхний ажил үүрэг, гэр бүлийн ажил амьдралын үүрэг хариуцлагын тухай нарийн ярьвал бүр ч гайхалтай. Тэднийх одоо 200 гаруй бүл зөгийтэй бөгөөд бөгж, энгэрийн зүүлт зүүхээс гадна зөгийтэй холбогдолтой зураг, баримал цуглуулна.

16-хан настай жаахан охин Шаамарын шар тохойд ТМС төгсөж ирсэн Д.Эрдэнэчимэг бэрхшээлийн өмнө өвдөг сөхөрсөнгүй. Олон удаа аймаг сумын аварга болсноос гадна өнгөрсөн жил “Улсын аварга фермер зөгийчин” болж насан өндөр аав ээж, ахан дүүс, зөгийчин хамт олноо баярлуулжээ.

Түүний эрхэмлэн дээдэлж явдаг багш нь ажил үйлсээрээ алдартай, зөгийчин П.Дагвадорж. Хоёр хүүхэд нь хар багаасаа л ажил хийж сурсан, аливаад хатуужилтай, зорьсондоо хүрч чаддаг сайхан хүмүүжлийг ээжээсээ авч.

Том охин нь ОХУ болон Монгол Улсдаа ХААИС-иудыг амжилттай төгсөж, өдгөө аймгийнхаа  мэргэжлийн хяналтын газар ажилладаг байна.

Бурхан болсон ихрийн өрөөсөн  хөвгүүн нь сайхан залуу болжээ. Тэрбээр дунд сургуульд байхдаа Герман Улсад гүзээлзгэнэ хураах ажлын урилгаар явж, хэдэн сар ажиллаж,  амьдарсан юм билээ. Тийм болохоор   хүү нь Герман хэлний мэргэжлээр их сургуульд сурдаг. Удахгүй төгсөх гэнэ.

Сэтгэлийн  шархыг  нь  нөхөж, амьдралд нь түшиг болсон арын сайхан хангайн залуутай учирч  Д.Эрдэнэчимэг маань бүрэн бүтэн сайхан амьдарч явна. Саяхан тэр хоёр өвөө, эмээ болсон гээд тун ч  баяртай, дутах юмгүй дүүрэн явна билээ.

Амьдрал гэдэг ийм л баян юм даа ... Нэгэн үеийн нэвтрүүлгийн маань баатрын ажил үйлс нь өөдрөг, аж амьдрал нь бялхаж явахад би үнэн сэтгэлээсээ баярладаг. “Зөгий, зөгийчний өвөрмөц амьдралаар баримтат кино бүтээнэ ээ” гэсэн дүүрэн хүслээр жигүүрлэн Шаамарын нутгаас  хөдөллөө.

Дэндүү сайхан юм даа, миний мэргэжил ...

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

“Нисдэг” сүргийн эзэн   
Үзсэн: 2818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй