Шууд Chart

Их Британи хөл хорио, хязгаарлалтаа сулруулах хугацааг ирэх сарын 19-н хүртэл хойшлууллаа

2021-06-16 12:47:32

Сүүлийн өдрүүдэд Их Британид Энэтхэгт анх илэрсэн, илүү хурдан халдварладаг коронавирусний "Дельта" хувилбар тархаж байгаагаас халдварын тоо эргээд нэмэгджээ. Иймд тус улсын засгийн газар "Ковид-19" цар тахлын халдварыг бууруулах зорилгоор тогтоосон хөл хориог сулруулах хугацааг ирэх 7 дугаар сарын 19-нийг хүртэл хойшлуулсан байна.

Тус улс цар тахлын хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулж, хамгийн сүүлийн хязгаарлалтаа 6 дугаар сарын 21-нээс сулруулахаар төлөвлөж байсан юм. Хугацааг сунгаснаар тус улсад одоо хэрэгжиж байгаа хязгаарлалтуудын дийлэнхийг үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай болж байна. Тухайлбал 30хүртлэх хүн гадаа уулзах, битүү орчинд хоёр гэр бүлийн зургаа хүртэлх хүн уулзах зэрэг хязгаарлалт үргэлжлэх аж.

Харин "Евро 2020" тэмцээний тоглолтууд, урлагийн болон хөгжмийн концертуудыг төлөвлөсний дагуу явуулна, гэхдээ тэдгээрт оролцогч үзэгчдээс коронавирусний вакцин хийлгэсэн баталгаа эсвэл шинжилгээний сөрөг хариу шаардах юм байна. Тус улсын засгийн газар цар тахлын нөхцөл байдлын үнэлгээг хоёр долоо хоногийн дараа хийхээр төлөвлөжээ. Тус улсын Ерөнхий сайд болон эрүүл мэндийн сайд нь 7 дугаар сарын 19-нөөс хойш хязгаарлалтыг сунгахгүй гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Их Британийн эрдэмтдийн зөвлөл хөл хорио, хязгаарлалтын дөрөвдүгээр үе шат буюу сүүлийн шатыг 21-нээс сулруулбал халдварын тархалт эргээд нэмэгдэх эрсдэлтэй гэж засгийн газартаа зөвлөсөн. Их Британи улс ирэх 7 дугаар сарын 19 гэхэд насанд хүрсэн хүн амынхаа гуравны хоёрыг коронавирусний вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Мөн 40-өөс дээш насны иргэдийнхээ вакцины хоёр тунг хийлгэх хугацааг 12-оос найман долоо хоног болгон бууруулахаар болжээ.

Хөл хориог сунгасан хугацаанд улс орон даяар шинжилгээ авах, вакцин хийх төвүүдийг нэмэлтээр байгуулахын зэрэгцээ Англид өнөөдрөөс 23-24 насны иргэдийг вакцинд хамруулж эхэлжээ. Харин зарим иргэд нь хөл хорио хязгаарлалтыг сунгах шийдвэрийг эсэргүүцэж, жагсаал өрнүүлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британи хөл хорио, хязгаарлалтаа сулруулах хугацааг ирэх сарын 19-н хүртэл хойшлууллаа   
Үзсэн: 1211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй