Шууд Chart

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын төрийн тэргүүн Жозеф Байден нарын анхны уулзалт боллоо

2021-06-17 11:41:01

Дэлхий нийтээр өчигдөр АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт болсон Швейцарын Женев хотын зүгт  анхааралтай ажиглаж  байлаа. Хоёр удирдагчийн уулзалт Женев хотын Ла Гранж Виллад болсон. Уулзалтын өмнө  Ерөнхийлөгч Путин  АНУ-ын төрийн тэргүүнд хандаж энэхүү дээд уулзалтыг зохион байгуулах санаачлага гаргасанд талархаж буйгаа илэрхийлсэн байна. Харин Ерөнхийлөгч Жо Байден Оросын төрийн тэргүүнтэй хамтран ажиллах боломжтой салбарууд, санал зөрөлдөөнийхөө тухай л  хэлэлцэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Тодруулбал, АНУ-ын  Ерөнхийлөгч Жозеф Байден, ОХУ-ын төрийн тэргүүн  Владимир  Путин нар  протоколын дагуу хэвлэлийнхэнд  зориулж зургаа татуулсны дараа  уулзалтаа эхэлсэн байна. Тус уулзалтад  ОХУ-ын гадаад хэргийн сайд  Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, 2 талын орчуулагчид оролцсоныг олон улсын  хэвлэлүүдийн дамжуулж  байгаа  дүрс  бичлэгүүдээс харж  болохоор байна. Харин АНУ-ын  Ерөнхийлөгчийн  засаг  захиргаанаас  өмнө нь  мэдээлсний дагуу хэдхэн хормын дараагаас Америк-Оросын дээд хэмжээний  өргөтгөсөн уулзалт болно гэсэн хүлээлттэй  байлаа. Энэ уулзалтад хоёр талаас  албаны 5 хүн нэмж оролцох тухай  өмнө нь мэдээлсэн  юм.  Дээд  уулзалтын дараа  2 удирдагч  хэвлэлийн бага хурал хийхээр товлосныг мөн урьдчилан  мэдээлсэн. Гэхдээ ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар  хэвлэлийн  бага хурлаа  хамтарч  биш тус  тусдаа хийхийг зарласан. Эхлээд Оросын  төрийн тэргүүн, дараа нь АНУ-ын  Ерөнхийлөгч хэвлэлийнхний сонирхсон асуултад хариулт өгөхөөр товлогджээ.

Хоёр удирдагчийн дээд  уулзалт  зохион байгуулах санаачлагыг Вашингтоны  талаас анх гаргасан. Юуны түрүүнд дээд уулзалт Жозеф Байдены АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар ОХУ-ын  Төрийн тэргүүн  Владимир Путинтэй хийх  анхны уулзалт хэлэлцээ гэдгээрээ  олон улсын анхаарлыг  ихээхэн татаж байгаа юм. Хоёрт,  Америк  Оросын харилцаа  өнөөдөр  амаргүй  бүр  хурцадмал  гэж тодорхойлж  болохуйц  түвшинд  энэ уулзалт  болсон.  

Хэлэлцэх асуудлын тухайд Орос-Америкийн  харилцааны өнөөгийн нөхцөл байдал,  цаашдын хөгжил,  хэтийн төлөв, стратегийн тогтвортой байдал, олон улсын  тулгамдсан  асуудлууд түүний дотор  коронавирусний  цар тахлын эсрэг хийж  буй  тэмцэл,  бүс нутгийн  зөрчилдөөнийг  зохицуулах чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцэхээр  төлөвлөсөн тухай  мэдээлж байсан. Гэхдээ  энэхүү дээд уулзалтаас 2 удирдагчийн  аль аль нь  харилцааныхаа хурцадмал  байдлыг намжаахыг, аливаа сөргөлдөөнийг  санаатайгаар болон санамсаргүйгээр  дэвэргэхээс  сэргийлэхийг  энэ  уулзалтаас хүсч хүлээж  байгаа  нь  тодорхой  гэж  олон улсын ажиглагчид  тодорхойлж байв.

Дээд уулзалтаас өмнө  Цагаан ордон ч, Кремлийн зүгээс ч энэ  уулзалтаас  хэт  өндөр  үр дүн  хүлээх хэрэггүй гэж уриалж байсан.  Кремль  л гэхэд Женевт 2 тал ямар нэгэн  баримт бичигт  гарын үсэг зурахаар төлөвлөөгүй байгааг мэдэгдсэн. Тодруулбал, Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хоёр улсын  харилцаанд хурцадмал  асуудлууд   ихээр хуримтлагдсан байгаа учир Женевийн дээд уулзалтаар Америк  Оросын  харилцааг  Обама Ерөнхийлөгчийн  үеийнх шигээр дахин  шинэчлэх  тухай хөндөж  хэлэлцэх боломж угаас байхгүй.  Тэгээд  ч  харилцаагаа  шинэчлэх   өмнөх оролдлого  бүтэлгүйтсэн  сургамж   бий гэдгийг  сануулж байсан.

Гэхдээ Дмитрий Песков, "Энэ  уулзалтын  ач холбогдлыг  дутуу үнэлж  болохгүй. Америк  Оросын удирдагчдад 2 оронд төдийгүй дэлхий нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад   чухал  үүрэгтэй асуудлуудаар харилцан  байр сууриа илэрхийлэх  боломж гарна гэдэг нь өөрөө онцгой  чухал" гэдгийг онцолсон. Түүнээс гадна Цагаан  ордны  хэвлэлийн нарийн бичгийн дарга  Жен  Псаки ч  2  орны  удирдагчдын  уулзалтаас Вашингтон  юуг  хүсэн хүлээж байгаа талаар мэдэгдсэн.  АНУ-ын эрх баригчдын хувьд ч "Ганц уулзалт  хийгээд л бүх  юм  амар   хялбар, үүлгүй  тунгалаг болчихгүй. Хүндхэн хэлэлцээ хийж,  санал  зөрөлдөөнтэй  асуудлуудаар  цаашдаа ч сөргөлдөж  болзошгүй ч  ОХУ-тай харилцах харилцаа нь  илүү  тогтвортой,  урьдчилан  таамаглаж болохуйц болно"  гэж  ихээхэн найдаж  байгааг  илэрхийлж байсан  билээ. 

Гэхдээ энэ уулзалтаар хоёр улсын удирдагчид Женевт  яриа хэлэлцээгээ цаашид хэвийн үргэлжлүүлэх  тохиролцоонд  хүрч  чадвал  энэ уулзалтын  хамгийн  гол  үр дүн  болно хэмээн судлаачид  онцлон  тэмдэглэж  байлаа. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын төрийн тэргүүн Жозеф Байден нарын анхны уулзалт боллоо  
Үзсэн: 1638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй