Шууд Chart

Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

2021-06-23 17:33:25

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хийв. Анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин хийв.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны тогтоолоор Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаан, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, П.Анужин, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, Ж.Мөнхбат, Н.Учрал нар ажиллалаа. Ажлын хэсэг 2 удаа, ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсэг 3 удаа хуралдаж, төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан саналууд, уран бүтээл, мэргэжлийн төрийн бус байгууллагын санал, бусад орны сайн туршлагыг судалж, саналын томьёолол бэлтгэсэн. Үүнд,

- Кино урлагийг дэмжих чиглэл, зарчмыг тодорхой болгож, хуулийн нэр томьёог бусад хууль тогтоомжтой нийцүүлсэн.

- Кино урлагийг дэмжих сангийн нийтлэг харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулж, бүрдүүлэлт, зарцуулалтын онцлог харилцааг нь Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөлд тусгахаар заалаа. Кино урлагийг дэмжих санхүүжилтийн зохицуулалтыг цогцоор шийдвэрлэхээр тусгасан.

- Кино урлагийг дэмжиж, кино урлагаар дамжуулан дэлхийд түүх, өв соёлоо таниулах, олон улсын түвшинд өрсөлдөх, үндэсний кино урлагийг хөгжүүлэх зорилгоор бусад орны жишигт нийцүүлэн Кино бүтээх зардлын буцаан олголтын талаар шинээр бүлэг нэмсэн.

- Кино урлагийг дэмжих сан, буцаан олголтын зохицуулалттай холбоотой үйл ажиллагааг зохицуулах, мэргэжлийн санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Кино урлагийн өвлөл, түүний чиг үүрэг, бүрэлдэхүүний талаар тусгасан.

- Кино урлагийн салбарын төрөөс үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагаанд цахим үйлчилгээ нэвтрүүлэхээр зааж, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглахтай холбоотой зохицуулалтыг өргөжүүлж тусгасан гэв.

Байнгын хорооны дарга Г.Дамдинням Ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томьёоллыг зүйл тус бүрээр нь хэлэлцэнэ гэж хуульд заасан болохыг хэлэлцэх асуудлын өмнө танилцуулав.

Ингээд танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тайлбар авсны дараа Ажлын хэсгээс бэлтгэсэн нийт 30 гаруй саналын томьёоллыг зүйл тус бүрээр хэлэлцлээ. Зарим зүйл, заалтад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг тусгахаар тогтож, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар бүгд дэмжигдсэн.

Ийнхүү Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв   
Үзсэн: 760 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй