Шууд Chart

Ганга нуурын экологи доройтож байна

2013-07-17 10:03:57

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд орших Ганга нуурт Экологийн боловсролын төв судалгаа хийжээ. 1960- 1969 онд 200 га талбай эзлэн мэлтэлзэж байсан энэ нуурт 2011 онд хийсэн судалгаагаар усных нь 51 хувь нь ширгэсэн байна. Өнгөрсөн жил хур элбэгтэй байхад нуурын ус эргээд 25 хувиар нэмэгдсэн ч өмнөх хэмжээндээ хүрээгүй аж. Тэнд жилд ордог хур тунадасны хэмжээ 33 ммээр доошилсон нь нуурын ус ширгэхэд нөлөөлөн, усных нь түвшин 2008 оноос хойш эрчимтэй багассан байна. 

Сүхбаатар аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр 2007 онд нуурын усны гүн захдаа 40-50 см, голдоо 1.5 м байсан бол өдгөө захдаа 18-25 см, голдоо 0.5 м болж, ёроол нь харагддаг болжээ. Энэ нь нь Гангын ус дөрвөн жилийн өмнөхөөс 200-300 м-ээр дотогшилж, гүн нь багассан үзүүлэлт юм. 1960-1970 онд Дарьгангад жилд дунджаар 10 хоног шуурдаг байсан бол өдгөө шуургатай хоногийн тоо 32 болж, эрс нэмэгдсэнээс ойр хавийн элс салхиар зөөгдөн, Ганга нуурын ёроолд тунаж байгаа аж.
Хунгийн чуулган сонирхох, Алтан овоонд мөргөхөөр ирдэг хүмүүс машинтайгаа нуурын эргээр хамаагүй давхин, эргийн хөрсийг сулруулж, тэр хэрээр нуурыг элсээр дүүргэж байна. Өнгөрсөн намар хийсэн хэмжилтээр ёроолд нь 62 см зузаан элс хуримтлагдсан байгааг тогтоожээ. Гангын эргэн тойрны нэг га талбайд 276 тн элс хуримтлагдаж байгаагийн 212 тн нь нуур руу ордог аж. Энэ нуурыг Баянбулаг, Оргихын зэрэг 21 булаг тэжээдэг. Эдгээр булаг хүртэл элсний нүүдэл, хүний буруугаас элсэнд булагдан, ус нь татарч буй аж. Хэрвээ эдгээр булаг ширгэвэл Ганга нуур хатна. Ганга, Холбоо, Сүмт нуур, Молцог элс орчмын 32860 га талбайг 1993 онд УИХ-ын тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан ч байдал ийм байна.
Малчид нуурын эрэгт хэт ойрхон бууж, мал нь нуурыг багагүй бохирдуулж байгаа гэнэ. Урин цагаар энэ хавьд 30 гаруй мянган мал зусдаг аж. Ус бохирдвол хүчилт өрөгч багасаж, замаг ургана. Тэр хэрээр нуурын загас жараахай хорогдон, шувууд чуулахаа болино. Ганга нуурт жил бүрийн намар чуулдаг хун цөөрч, цэн тогоруу ч буудаллахаа больж байгаа нь нуурын экологи доройтож байгаагаас үүдэлтэй гэж судлаачид үзэж байна. Сүхбаатар аймгийн бахархалт шувуу хун Гангыг орхин, зэргэлдээх Холбоо, Хошмог нууранд цугладаг болжээ.
Эх сурвалж: www.tvmongolia.mn

Ганга нуурын экологи доройтож байна  
Үзсэн: 2883 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй