
Сэлэнгэ аймгийн Түшиг суманд өнгөрсөн пүрэв гаригийн орой 18.00 цагийн орчим хүчтэй салхилж, түр зуурын бороо орох үеэр таван смийн диаметртэй мөндөр буужээ. Байгалийн онц аюултай энэхүү үзэгдэл ердөө 20 минут үргэлжилсэн хэдий ч теннисний бөмбөгийн хэмжээтэй мөндөрт Түшиг сумын ЗДТГ, дунд сургууль, эмнэлэг, Соёлын төвийн цонх хагарч, дээвэр нурсан төдийгүй 261 айлын хашаа нуржээ. Түшиг сум фермерийн аж ахуй, газар тариалан эрхэлдэг бөгөөд байгалийн гамшигт үзэгдлийн үеэр гахай, тахиа мөндөрт цохиулж үхсэнээс гадна ургац гэмтсэн байна. Түүнчлэн өндөр хүчдэл, холбооны шугам унаснаас сумын хэмжээнд цахилгаангүй болж, Мобикомын сүлжээ тасарсан тул ОБЕГ-т шуурхай мэдээ хүргэж чадаагүй аж.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлынхан болон хилийн цэргийнхэн одоо цонх шиллэх, дээвэр засах, гамшигт нэрвэгдсэн айлуудын хашааг босгох зэргээр тусалж байгаа гэнэ. Тус сумын Засаг даргын орлогч Э.Оюун “Хохирлын хэмжээг одоогоор тогтоогоогүй байна. Маргааш (өнөөдөр) дахин бороо орох болохоор бид цонх, дээврээ янзлах ажлыг шамдуулж байгаа. Гамшигт үзэгдэлд нэрвэгдэж амиа алдсан хүн байхгүй ч мөндөрт цохиулж бэртсэн долоон хүнийг төвөөс эмч ирж, эмчилж байна” гэв. Байгалийн гамшигт үзэгдэл зөвхөн Түшиг сумыг дайраагүй. Баруунбүрэн суманд мөн өдрийн 20.00 цагийн үед хүчтэй салхилж, ширүүн бороо, мөндөр орсны улмаас малчны хотонд аянга бууж, 94 бог мал хорогдсон аж.
Мөн Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд хүчтэй аадар орж, их хэмжээний мөндөр буужээ. Уг нь аймгийн Онцгой байдлынхан, 500 гаруй бог малыг аюулгүй газарт нүүлгэн шилж үүлсэн боловч 200 гаруй нь хорогдсон байна. Түүнчлэн Булган аймгийн Орхон суманд энэ сарын 5-нд 00.00 цагийн үед дуу цахилгаантай бороо орж, нэг малчны хотонд аянга бууснаас 150 гаруй бог хорогдсон гэж Онцгой байдлын ерөнхий газрын албаны хүн мэдээлэв.
Б.БЯМБАСҮРЭН
Эх сурвалж: www.tvmongolia.mn
Мөндөрт цохиулж 450 гаруй бог мал хорогджээ | ||
Үзсэн: 1271 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.