Шууд Chart

37 км-ын зайтай, 37 жилийн төлөвлөгөөтэй "хөрш”

2021-07-08 11:21:30

Төв Азийн хамгийн хурдан өсөлттэй, хүчирхэг, томоохон улс бол бидний “хөрш биш” хөрш Казахстан юм. Учир нь Монгол болон Казахстан хоёр улс маш олон талаараа ижил төстэй. Казахстан улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд есд, Монгол Улс дэлхийд арваннаймдугаар байрт ордог бөгөөд аль аль нь хүн амын нягтрал багатай. Өвөг дээдэс, уламжлал нь нүүдэлчдийн соёл дээр бүрэлдсэн. Нүүдэлчин соёлоо дагаад морь унах, айраг хэрэглэх нь соёлын чухал хэсэг юм. Мөн үндэсний хувцас соёлын хувьд хээ угалз, материал, хийц загварын хувьд ч төстэй. Говь, цөл, тал, уулархаг гээд газрын тогтцын хувьд ч төстэй бөгөөд цаг уурын эрс тэс уур амьсгалтай. Нийслэл Нур-Султан хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн хоёрдугаарт Улаанбаатар хотын ард ордог байна. Харин Казахстан улс дэлхийн хамгийн том далайд гарцгүй улс бол Монгол хоёрдугаарт байрладаг. Энэ мэт маш олон талаараа Монгол, Казахстан улс хөрш байдаг бол хилийнхээ хувьд “хөрш биш”, харин ердөө 37 км-ын зайтай байрладаг билээ.

1991 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш маш хурдацтай хөгжиж ирсэн бөгөөд бүс нутгаа тэргүүлдэг, Казахстан Улсын өнөөгийн эдийн засгийн хөгжлийн гол хүчин зүйлүүд нь ашигт малтмал, хий, газрын тосны экспорт юм. Зөвхөн эдгээр салбарууд нь 1993 оноос хойш 20 гаруй тэрбум долларын гадаадын хөрөнгө оруулалтын ихэнхийг татжээ. Мөн нүүрс, төмрийн хүдэр, зэс, цайр, уран, алтны томоохон ордуудтайгаас гадна асар их хэмжээний газрын тос, байгалийн хийн нөөцтэй ажээ. Бусад түүхий эдийн хувьд Казахстан бол улаан буудай, арвай, будаа зэрэг дэлхийн зургаа дахь хамгийн том үр тарианы үйлдвэрлэгч. Тэдний эдийн засгийн хөгжлийн гол түлхүүр нь зөвхөн байгалийн баялаг, газрын тос, үр тарианаас илүүтэйгээр алсын хараатай төлөвлөлт, бодлого, стратеги мөн түүний хэрэгжилт ажээ.

Казахстан улс 1997 онд ерөнхийлөгчийн зарлигаар “Казахстан 2030” стратегийг баталсан бол 2013 онд “Казахстан 2050 Стратеги", “Ногоон Эдийн Засгийн” зэрэг 37 жилийн төлөвлөгөөг тус тус баталж байжээ. Энэхүү төлөвлөгөөнүүд нь үндэсний аюулгүй байдал, улс төрийн тогтвортой байдлаас гадна боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, харилцаа холбоо, тээвэр, дэд бүтцүүдэд гаднын өндөр хөрөнгө оруулалттай нээлттэй зах зээлийн эдийн засагт суурилсан өсөлтийг голчлон анхаарч ажиллах юм.

Монгол Улсын хувьд 2020 онд “Алсын Хараа-2050” хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулж батлаад буй. Тус төлөвлөгөөг арван жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж Монгол Улсыг 2020-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хамт баталжээ. Энэхүү үндсэн чиглэл нь үндэсний нэгдмэл үнэт зүйл, хүний хөгжил, амьдралын чанар ба дундаж давхарга, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, амар тайван, аюулгүй нийгэм, бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэг, 47 зорилттой.

Ногоон эдийн засгийн төлөвлөгөөний дагуу Казахстан улс 2050 он гэхэд эрчим хүчний хэрэгцээнийхээ 50 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах бөгөөд ДНБ-ийг 3 хувиар нэмэгдүүлж 500.000 гаруй ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөөд буй ажээ. Ногоон эдийн засгийн хэрэгжилтийн ердөө нэг жишээ нь Германы төсөл боловсруулагч Свевинд Энержи ба Казах Инвест компаниудын хамтарсан дэлхийн хамгийн том ногоон устөрөгчийн төслийг Казахстанд хэрэгжүүлэхээ 2021 оны зургаадугаар сард зарласан явдал юм. Уг төслөөр Казахстаны өргөн уудам тал нутагт 45 ГВт салхи, нарны эрчим хүч үйлдвэрлэх, жилд гурван сая тонн орчим ногоон устөрөгч үйлдвэрлэх асар том ногоон устөрөгчийн төсөл ажээ. Хэр том төсөл вэ гэвэл "Азийн сэргээгдэх эрчим хүчний төв"-ийн үйлдвэрлэлээс даруй хоёр дахин их хүчин чадалтай, Бразилын "Enegix Base One" төслөөс тав дахин, дэлхий дээр одоо байгаа хамгийн том ногоон устөрөгчийн Канадын "Air Liquide" байгууламж дээд цэгтээ 20 МВт хүчин чадалтай бол тус төсөл нь 30 ГВт-ийн хүчин чадалтай юм. Ногоон устөрөгчийг Евразийн зах зээлд шууд экспортлох эсвэл дотооддоо аммиак, ган, хөнгөн цагаан гэх мэт өндөр үнэтэй ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглаж болох уг төслийн санамж бичигт талууд гарын үсэг зурсан бөгөөд хэдхэн жилийн дараа энэхүү агуу бүтээн байгуулалтыг харах л үлдлээ.

Харин Монгол Улсын хувьд 1992-1993 оны хооронд төсөл нь боловсруулагдсан "Дөргөний усан цахилгаан станц"-ыг 2001-2008 оны хооронд ашиглалтад оруулсан, мөн тус онуудад баригдаж ашиглалтад орсон "Тайширын усан цахилгаан станц"-ын ажлууд зэрэг улс орны хөгжилд хэрэгтэй бүтээн байгуулалт цөөнгүй бий. Гэвч 1991 онд анх шийдвэр нь гарсан хамгийн том төслүүдийн нэгд тооцогдох Эгийн голын усан цахилгаан станц өнөөг хүртэл олон шалтгааны улмаас хэрэгжихгүй, гацаад байгаа билээ.

Мөн Казахстан Улсын засгийн газар мэдээлэл технологийн үйлдвэрүүдийг хөгжүүлэх чиглэлээр хамтарсан түнш байгууллагуудтай хамтран ажилладаг. Үүний илрэл нь зөвхөн 2010-2014 онд Технологийн Хөгжлийн Үндэсний Газраас 600 гарааны төсөлд 47 сая долларыг санхүүжүүлсэн байна. Үүгээр ч зогсохгүй 2018 онд “Дижитал Казахстан” хөтөлбөрөөр дижитал технологийг нэвтрүүлж эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлжээ. Үр дүнд нь хоёр жилийн дотор 1.97 тэрбум долларын ашиг олж, 120 мянган ажлын байр бий болж, улсдаа 80.7 сая долларын гадаадын хөрөнгө оруулалтыг татсан байна. Тэд 2022 он гэхэд гарааны бизнес эрхлэгчдэд зориулж 182.6 сая долларын хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байгаа ажээ.

Казахстан Улсын нэрийн үүсэл нь “нүүдэлчдийн нутаг” гэсэн утга илэрхийлдэг бол тэд өнөө цагт шинжлэх ухаан, технологийн хөгжил дундуур нүүдэллэж урагшилсаар байна. Монгол Улс алсын зорилго, төлөвлөгөө баталсан ч жишээ авч болохуйц өөрт ойр бүс нутагтаа хурдацтай хөгжиж буй Казахстан Улсын туршлагаас судлаж хөгжлийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлбэл илүү хурдан үр дүнд хүрэх болов уу. Мэдээлэл технологи хурдацтай хөгжиж буй эрин зуунд дэлхий бөөрөнхий биш хавтгай болсон ч Цахиурын Хөндийгөөс илүү Казахстан бидэнд ойр биз ээ.

Б.Цолмон

 

Нийтэлсэн: MNB world

37 км-ын зайтай, 37 жилийн төлөвлөгөөтэй "хөрш”  
Үзсэн: 1414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй