Шууд Chart

Н.Бажаа: Адууны удмыг худал хэлж болдоггүй

2021-07-22 12:09:26

Монгол Улсын алдарт уяач Норовын Бажаагийн тухай болон хурдан улаан азарганых нь талаар товч өгүүлье.

Тэртээ 1960-аад оноос нэр алдар нь түгсэн Бажаа улаан азраганы тухай Хан Хэнтий нутгийхан хийгээд хурдан морь сонирхогч хэн бүхэн андахгүй биз ээ. Тэгвэл Бажаагийн уг нутаг ус бол Сүхбаатар аймгийн Уулбаян сум бөгөөд түүний нагац ах нь Орлойн алдарт хүлэгч "Хүүхэн Шүүлэн" болохыг тэр бүр хүн мэдэхгүй.

Анх түүнийг нутгаасаа гархад ах Жигмид нь \Хүүхэн Шүүлэнгийн бага хүү\ дүү бажаагаа удам залгах үр хүүхэдгүй юм унаган хүлгийнх нь заяа түшиж яваг гээд 16 мордохдоо 16 түрүүлсэн хурдан хээрийнхээ төлөөс босоо төрсөн нэг унага заагаад өөрөө дааганд нь уяаж нэг аман хүзүүнд хурдлуулаад өгсөн нь хожимын алдарт "Бажаа Улаан азарга" юм. 

Бажаа улаан Гал шар Сэцэн ханы хурд чуулсан дэвжээ Хэнтий аймгийн баяр наадамд шүдлэн, хязаалан, соёолондоо завсаргүй түрүүлж, нэг жил өнжөөд долоон настай түрүүлж, найман настай гуравт, есөн настай Ардын хувьсгалын 50 жилийн тэгш ойд урилгаар очоод 400 гаруй азарганаас айрагийн дөрөвт хурдалж мөн арван настай аймгийн баяр наадамдаа дахин түрүүлсэн нь араггүй л ховорхон төрөх хүлэг эрдэнийн шинж байжээ.

Бажаагийн улаан азарганы угшлын тухайд бол Хүүхэн Шүүлэнгийн 20 гаруй түрүүлсэн алдарт хээр. Мөн хулангийн удамтай бор, хурдан хонгор гээд дээрх зартай хурдан адууны цус бүгд орсон гэдэг.

Түүнчлэн улаан азарганы өөрийн үр төлөөс таван сайн азарга гарсан гэдэг ба бүгд Хэнтий аймгийнхаа баяр наадамд түрүүлж айрагдсан азарганууд юм. 

Норовын Бажаа зөвхөн Хэнтий аймгийн баяр наадмаас гэхэд л 15 түрүү, 25 айраг хүртсэн нь ямархуу эрдэм төгс хүлэгч болохыг илтгэх биз. Түүний өгсөн олон арван ярилцлага ярианаас сонсоход "Адууныхаа удам угшлыг худлаа хэлж болохгүй" гэдгийг залуу хойч үедээ тунч их захидаг байсаныг үзэж болно. 

Мөн өөрийнхөө адууны удам угшлийн тухайд өөрийн унаган хийгээд улаан азарганыхаа үр төлөөр азарга тавьж, гүүгээ дан Гал шар чигээс цуглуулж хураалгаж байсан гэдэг.

Зохиолч, яруу найрагч Ж.Саруулбуян гуай Бажаа улаан азарганы тухай нүдээр үзсэнээ зураглан бичсэнээр бол 

Хувин саваар асгачихсан уу гэмээр их устайг ширүүн борооноор уяан дээрх бүх морьд уруугаа харан бөмбөлзтөл чичрэн байхад ганц Бажаа гуайн улаан азарга л ширүүн бороо сөрөн нүдээ хагас анин дөрвөн хөл дээрээ бат зогсож, арай унтаж амарч байна уу даа гэмээр харагддагсан гэж бичсэн нь тун ч гайхам санагдана.

Хожим улаан азарга улсынхаа тэгш ойд айрагдаад ирэхэд олон ч хөрөнгө чинээтэй хүмүүсийн нүд унаж чамгүй үнэ өртөг амлаж азаргийг нь авъя гэсэн олны хөл нэг хэсэгтээ л тасраагүй гэдэг. Тиймээс нэгдэл нийгмийнхээ нэрийг гаргая гэж бодсон уу аймагт түрүүлсний хойтон жил Бажаа буянт хурдан хүлгээ "Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Өрнөлт нэгдэлд" өөрийн хүслээр бэлэглэсэн гэдэг.

Гэсэн ч улаан азарга заяа түшсэн эзнээсээ салж нийтийн хэмээн эзэнгүйдсэндээ хурдан хүлгийнх нь буян заяанд гуниг гутаг төрсөн үү нэгэн хаврын өдөр айлийн хашаа түшин босоогоороо нүд аньжээ.

Тэртээ нэг мянга есөн зуун жаран хоёр онд уг нутаг уснаасаа идэр залуухан эр, ирмэг улаан даага хоёр гарсан нь эдүгээ энд өгүүлсэн эрдэмт уяач, эрдэнэт хүлэг болой.
Хожмоо Бажаагийн адуу улаан азарганы удам угшил нь Хэнтий аймгийн Мөрөн, Галшар, Баянхутаг, Өмнөдэлгэр суманд ихээхэн таржээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Бажаа: Адууны удмыг худал хэлж болдоггүй  
Үзсэн: 4647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй