Шууд Chart

Д.Сумъяа: Надаас ялалт, бас хичээл зүтгэл хүлээж болно. Татами дээр гараад би цаг мөч болгонд чадах бүхнээ зориулах болно

2021-07-26 11:46:06

 

Би Даваа гарагт төрсөн учраас аав, ээж хоёр маань надад "Сумъяа" гэж нэр өгсөн. Миний олимпийн медаль авсан барилдаан Даваа гарагт болсон.

Мөнгөн медаль авсныхаа орой нь гэрийнхэнтэйгээ ярьтал аав ярьж чадахгүй, хоолой нь зангираад “Аав нь ярьж чадахгүй нь ээ” гээд утсаа тасалчихсан.

Аав маань дугуйгаа засна.  Бид нар хажууд нь машин угаадаг байсан. “Баянбүрд”- ээс “Цагаан байр” руу өгсөх хэсэгт манайх амьдардаг.  Алчуур эргүүлээд л тэр зам дээр л зуныг өнгөрүүлдэг байлаа. Бид амьдралын шаардлагаар аавдаа тусалж мөнгө олж хичээлийн хэрэгсэл зэргээ бэлддэг байсан. Харин дугуйг аав шигээ биш ч өөрийнхөө хэмжээнд нөхчихнө шүү. Аав маань хүүхдүүдийнхээ төлөө өөрийгөө бүтэн зориулж, амьдралын төлөө зүтгэсэн сайхан сэтгэлтэй хүн байдаг.

Төрүүлсэн ээж, өсгөсөн ээж хоёртоо хоёуланд нь баярлаж явдаг. Ээжийгээ саналгүй яахав. Намайг их жаахан байхад бурхан болсон. Тэр маш бага хугацаа байсан учраас жаахан, жаахан зүйлсийг санадаг. Ээжийнхээ тухай ярих гэхээр сонин болох гээд байна. Уучлаарай.

Больё, хэцүү байна гэж шантрах үе надад яагаад ч юм байгаагүй. Би өөрөө энэ спортод маш их дуртай байсан учраас зөвхөн хүсэл мөрөөдөлдөө л хөтлөгдөж байсан.  Эмэгтэй хүний хувьд барилдана гэдэг амаргүй зүйл. Хувийн амьдрал, сурч боловсрох зэргээ золиосолж байгаад л бүх зүйлээ спортод зориулсан. Энэ бол маш том золиос бас зориг юм болов уу гэж бодож байна.

Амжилтаараа бус биeэ авч яваа байдлаараа залуу жүдочдод үлгэрлэхийг хичээдэг. Ямар ч амжилт, шагнал араасаа хариуцлага дагуулдаг билээ. Өнөөдөр би магтуулж байсан ч маргааш шүүмжлүүлэхийг үгүйсгэх аргагүй. Энэ бүхэн спортынхны давж сурах нэг шалгуур мөн.

2004, 2005 оны үед манай гэр бүл гэхэд 450-500 төгрөгийн үнэтэй атар талхыг наймуулаа хувааж иддэг байлаа. 100 гр масло, 100 гр сахар худалдаж аваад дүү нартайгаа хувааж иддэг үе байсан. Энэ бол амьдрал шүү дээ. Амьдралд байдаг л зүйл.

Цалин, шагналын мөнгөө бага гэлтгүй цуглуулсаар байгаад найман хувийн орон сууцны зээлэнд хамрагдаж чадсан. Гэхдээ би ганцхан өөрийнхөө тухай яриад байгаа биш юм. Манай тамирчид бүгдээрээ шахуу л ийм амьдралыг туулж байгаа.

Хүсэл мөрөөдөл, зорилготойгоор залуу насаа өнгөрөөнө гэдэг маш чухал зүйл. Спорт миний амьдралд маш том урам зориг бас гоё дурсамж болж үлдэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Сумъяа: Надаас ялалт, бас хичээл зүтгэл хүлээж болно. Татами дээр гараад би цаг мөч болгонд чадах бүхнээ зориулах болно  
Үзсэн: 6267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй