Шууд Chart

Шилдэг 10 уран бүтээлчийн 20 гаруй уран бүтээл "Монгол Арт" галерейд дэлгэгдэнэ

2021-08-04 13:08:03

Япон Улсын Фукуока муж, Кюүшюгийн урлагийн галерейд энэ сарын 6-наас ирэх аравдугаар сар хүртэл зохион байгуулах гэж буй "Азийн олон улсын 29 дэх удаагийн үзэсгэлэн"-д Монгол Улсаас оролцохоор шалгарсан 10 уран бүтээлчийн 20 гаруй уран бүтээлийн үзэсгэлэнг "Монгол Арт" галерейд дэлгэн үзүүлэхээр болжээ.

Энэ жилийн үзэсгэлэнг Азийн уран бүтээлчдийн холбооны гишүүн Японы улсын зөвлөл хороо зохион байгуулж байгаа аж.

Үзэсгэлэнд Монгол Улсаас Төрийн шагналт, ардын зураач До.Болд, МУЭ-ийн шагналт, зураач А.Чадраабал, МУЭ-ийн гишүүн Х.Эрдэнэ-Очир, Х.Ганбат, уран сийлбэрч Т.Баттогтох, зураач Б.Энхтуяа, Л.Хонгорзул, Ц.Оюун-Эрдэнэ, Н.Мөнхтуул, Б.Цолмонбаяр нар оролцож байна.

Энэхүү үзэсгэлэн нь Азийн орчин үеийн урлаг, соёл үнэт зүйлийг дүрслэх урлагаар дамжуулан сурталчилан таниулах, уран бүтээлчдийн харилцаа холбоо, соёлын солилцоог сайжруулан идэвхжүүлэх зорилготой юм.

Дэлхий нийтийг хамарсан “Covid-19” цар тахал, Япон Улсын хилийн хаалт хязгаарлалтаас шалтгаалан Монгол Улсын уран бүтээлчид явж чадсангүй билээ. Гэвч тус уран бүтээлчдийн бүтээлийг үзэгч түмэнд хүргэх боломжийг "Монгол Арт" галерейн хамт олгож байгаа юм байна.

Үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 5-ны 16:00 эхэлж, 13 хүртэл "Монгол Арт" галерейд дэлгэгдэх нь ээ.

Хамтран зохион байгуулагчаар Азийн уран бүтээлчдийн холбоо, БНХАУ, Хонконг, Тайван, Макао, БНСУ, Малайз, Монгол, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг улсын зөвлөл хороод ажиллаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шилдэг 10 уран бүтээлчийн 20 гаруй уран бүтээл "Монгол Арт" галерейд дэлгэгдэнэ   
Үзсэн: 567 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй