Шууд Chart

100 айл, Цагаан байруудыг дахин төлөвлөлтөд хамруулахыг хүслээ

2021-08-30 13:38:58

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сүхбаатар дүүргээс цахимаар зохион байгууллаа.

Шуурхай зөвлөгөөний үеэр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа дүүргийнхээ талаар танилцуулав. Сүхбаатар дүүрэг 20.8 мянган га газар нутагтай, 145 мянга гаруй хүн ам, 39 мянган өрх бүхий 20 хороотой нийслэлийн ууган дүүргийн нэг. Тус дүүрэг нь нийслэлд анх удаа хөдөлгөөнт оффис, хог хаягдлын ухаалаг систем нэвтрүүлсэн төдийгүй гэрэлтүүлэг, түүнийг дагалдсан камержуулалтаараа тэргүүлдэг.

Дүүргийн 9-12 дугаар хорооны нутаг дэвсгэр дахин төлөвлөлтөд хамаардаг. Дээрх хороодод өнөөдрийн байдлаар 7817 өрхийн 30.476 иргэн амьдарч буй юм.  2030 он гэхэд энэ тоо 25.9 мянган өрхийн 91 мянга хүн болон өсөх судалгаа гарсныг дүүргийн Засаг дарга онцолж байлаа. Түүнчлэн тус дүүргийн нутаг дахь 100 айл, Цагаан байруудыг дахин төлөвлөлтөд яаралтай хамруулах шаардлагатай байгаа аж. Ингэхдээ зөвхөн орон сууц барих бус, сургууль, цэцэрлэг барьж, нийгмийн дэд бүтцийг хамтад нь бий болгохыг хүслээ. Тус дүүргийн хувьд хамгийн тулгамдсан асуудал нь шар ус, борооны үер буудаг газруудад суурьшсан айл өрхүүд гэнэ. Дүүргийн зүгээс зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүх шаардлага тавьдаг ч иргэд 11-25 жилийн турш суурьшсан, үл хөдлөх хөрөнгө барьж байгуулсан учир албадан нүүлгэхэд хүндрэл учирдаг.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 15-20 дугаар хороон нутаг, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, Сэлбэ голын ай сав дагуу газар эзэмшиж, ашиглаж,  өмчилсөн 847 иргэн, аж ахуйн нэгж байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд үерийн далан сувгийг цогц байдлаар байгуулах, инженерийн шугам сүлжээ бий болгоход анхаарахыг мөн хүслээ.    


100 айл, Цагаан байруудыг дахин төлөвлөлтөд хамруулахыг хүслээ  
Үзсэн: 1276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй