Шууд Chart

Боловсролын сэтгэл зүйчид үнэмлэхээ гардан авч, ажилдаа орлоо

2021-09-17 14:15:00

-Тэд бол боловсролоор мэргэшиж дунд сургуульд ажиллах гэж байгаа анхны сэтгэлзүйчид юм-

Энэ хичээлийн жилээс эхлэн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиуд сэтгэл зүйчтэй болж байгаа юм. Боловсролын сэтгэл зүйчдийг мэргэшүүлэн бэлтгэх сургалт, үйл ажиллагааг БШУЯ, Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийн үндэсний түшиц байгууллага Боловсролын хүрээлэн, орон нутгийн хэрэгжүүлэгч-Байгаль орчны мэдээлэл сургалтын төв, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон  Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг хамтран өнгөрсөн 06-р сараас зохион байгуулж эхэлсэн. Одоогоор нийт 72 боловсролын сэтгэл зүйч бэлтгэгдээд байгаагаас 23 нь өнөөдөр нарийн мэргэжлийн үнэмлэхээ гардан авч ажилдаа орж байна.  

Тэд “Боловсролын сэтгэл судлал”-ын 12 багц цагийн сургалтыг Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн мэргэжлийн сургагч багш, салбарын эрдэмтэн судлаач, багш нараар нийт 50 хоног заалгаж, мэргэжлийн байгууллагуудад дадлага хийжээ. Энэ хичээлийн жилд боловсролын сэтгэл зүйчид ментор багшийн зөвлөмж удирдлагаар ажиллах юм байна.

Нэг сэтгэл зүйчийн бодит сургалтын төлбөр нь 1 сая гаруй төгрөг, гарын авлага материал нь 1 сая 300 мянган төгрөг, дээр нь ажлын тоног төхөөрөмжийн шууд зардлууд гарсан байна. Энэ бүх зардлыг Швейцарын хөгжлийн агентлаг, түүний санхүүжүүлдэг ТХБ II төслөөс гаргаж, дэмжин ажиллаж байна. Харин сургуулиуд өөрсдөө өрөө тасалгаагаа гаргаж тохижуулж байна.

ШХА-ын Хамтын ажиллагааны газрын Үндэсний төсөл, хөтөлбөр хариуцсан ахлах зохицуулагч Д.Заяасайхан: 

Тогтвортой хөгжлийн зорилтууд дотор сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ордог. Энэ бол тогтвортой хөгжлийн боловсролтой нягт уялдаатай салбар. Эцэг эх, гэр бүлийн зан төлвийг өөрчлөхөд сэтгэцийн эрүүл мэнд өөрөө чухал нөлөөтэй. Нөгөө талд ковидын цар тахлын улмаас бий болсон үр нөлөө сурагч, багш, эцэг эх гээд олон нийтийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн. Багш нар хоёр жил хүүхдүүдтэйгээ харьцах боломжгүй байсан бол хүүхдүүд хоорондын харилцаа ч хязгаарлагдсан. Багш, хүүхдүүдэд өнөөдөр маш их ачаалал ирж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл зүйчдийн үүрэг маш их. Энэ утгаараа сургуулиудад мэргэшсэн сэтгэл судлаач ажиллуулах яамны санаачлагыг ШХА, ТХБ II төсөл  уухайлан хүлээн авч дэмжин хамтран ажиллаж байна.

Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн, БШУ-ны сайдын орон тооны бус зөвлөх, доктор, профессор Ш.Батсүх 

         

Өнгөрсөн гуравдугаар сараас хойш бид олон ажил хийлээ. ЕБС-д багш, эцэг эх, асран хамгаалагч, хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн үйлчилгээний ойрын болон дунд хугацааны төлөвлөгөө, тайлан, зөвлөмжүүд боловсрууллаа. Сэтгэл зүйчдээ хоёр үе шатаар шалгаруулж, 70 гаруй хүнийг мэргэшүүлэн сургаад байна. Боловсролын сэтгэл зүйчдийг шууд сургууль дээр очиж ажиллах хэмжээний мэдлэг чадварыг олгохын төлөө хаа хаанаа хичээж ажиллалаа.

-Боловсролын сэтгэл зүйчид ажиллуулах сургуулиудаа хэрхэн сонгосон бэ?

-ТХБ II төслийн түшиц 30 сургууль, дээр нь БШУЯ-ны харьяа лаборатори болон ОУ-ын хөтөлбөртэй сургууль гээд хоёр бүлгийн 72 сургууль дээр энэ ажил эхэлж хэрэгжиж байна. Энэ ажил нэлээд өртөг өндөртэй тул хөрөнгө төсөвтөө захирагдахын эрхэнд эхний ээлжинд Швейцарын хөгжлийн агентлаг, “Бадамлин” ТББ хоёрын санхүүгийн дэмжлэгтэйгээр мэргэшүүлэх сургалтуудаа зохион байгуулсан. Ирэх оноос жил бүр 200 боловсролын сэтгэл зүйч бэлтгэх төлөвлөгөөг яам гаргаж төсвийн төлөвлөгөөндөө тусгасан. УИХ төсвийг нь бүрэн баталж өгвөл энэ ажил хэрэгжинэ.

-Тэгш хамруулсан, тэгш боломжийг хангасан чанартай боловсролоор бүх нийтийг хангахад сэтгэл зүйчийн үүрэг ямар байх вэ гэдэг нь эндээс харагдаж байгаа болов уу?

-Боловсролын тэгш хамрагдалт гэдэгт хүнийг нийгэмд бэлтгэж байгаа маш том үзэл санаа яваад байгаа юм. Бид тогтвортой хөгжилд чиглэсэн, зориулагдсан боловсрол эзэмшүүлэхийг зорьж байгаа шүү дээ. Үүний тулд өөрчлөгдөж байгаа дэлхийн ертөнцийн юмс, үзэгдлийг зөв хүртэж, хүлээж авч сурах, янз бүрийн бэрхшээлтэй орчинд өөрийгөө дасгаж даван туулах чадвартай болох, эрсдэл аюулыг даван туулах хүчтэй сэтгэл зүйтэй байх, байгаль орчин, хүрээлэн буй орчноо хайрладаг байх, хэн нэгнийг ялгаварлахгүй байх, хэвийн ажиллаж амьдрах чадвар эзэмших хэрэгтэй болж байна. Энэ бол тогтвортой хөгжлийн боловсролтой сэтгэл зүйчдийн ажил хэрхэн холбогдож байгааг илтгэж байгаа хэрэг.

Ерөнхий боловсролын 122-р сургуулийн сэтгэл зүйч Б.Чингүүн: 2020 онд МУИС-ийг сэтгэл зүйч мэргэжлээр төгссөн. Боловсролын сэтгэл зүйч бол практик сэтгэл зүйч. Сэтгэл зүйн тулгамдсан асуудлаас урьдчилан сэргийлж ажиллахад гол анхаарлаа хандуулна гэж төлөвлөж байна. Сургууль, цэцэрлэгт сэтгэл зүйчийн шаардлага, хэрэгцээ маш их байгаа гэж ойлгосон. Нэн тэргүүн би яг энэ цаг үед тухайн нөхцөл байдлыг үнэлж, тухайн үнэлгээн дээр тулгуурлаж ажлаа төлөвлөнө.

Сэтгэл зүйчийн өрөөг сургуулиас гаргаж өгсөн. Доторх тохижилтыг ТХБ II төсөл хариуцаж байгаа юм байна.   


Боловсролын сэтгэл зүйчид үнэмлэхээ гардан авч, ажилдаа орлоо   
Үзсэн: 295 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй