Шууд Chart

“Цэргийн сургалт бэлтгэлийн орчны шинэчлэл ба дэвшилтэт технологи” сэдвийн дор цугларав

2021-09-20 13:29:22

Энэ удаагийн цугларалт “Цэргийн сургалт бэлтгэлийн орчны шинэчлэл ба дэвшилтэт технологи” сэдвийн дор өрнөлөө. Ингэхдээ түвшин тогтоох үзлэг, үзүүлэх сургууль, онол арга зүйн сургалт, цэргийн сургалт бэлтгэлийн үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн үндсэн гурван үе шаттай явагдсан. Цугларалтын зорилго нь Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүний онолын мэдлэг, дадлагыг нэмэгдүүлэх, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, төрөөс баримталж байгаа бодлого, Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийг зохион байгуулах талаар харилцан туршлага солилцож нэгдсэн ойлголтод хүрэхэд чиглэгджээ.

Цугларалтын эхний өдөр Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд Тусгай хүчний цэргийн командлагч, бригадын генерал Б.Баатар Ротын байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг удирдан явууллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн баримталж буй бодлогын талаар Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх, дэслэгч генерал Ц.Тогоо илтгэл, мэдээлэл хүргэсэн.

Батлан хамгаалах салбарын шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн талаар хэрэгжүүлж буй бодлого, дэвшилтэт технологи ба зайн сургалт, Зэвсэгт хүчний болон орон нутгийн цэргийн сургалт бэлтгэлийн уялдаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зэрэг сэдвийн хүрээнд цугларалт амжилттай явагдлаа.

Цугларалтын төгсгөлд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг удирдах бүрэлдэхүүнд хандан үүрэг, чиглэл өгсөн. Тэрбээр хэлэхдээ “Зэвсэгт хүчний офицерын боловсрол, цэргийн хэргийн мэдлэг, чадвар, цэргийг сургаж хүмүүжүүлэх, удирдах чадвар, ажлын арга барил, хариуцлагаас Зэвсэгт хүчний өмнө тавигдсан зорилго зорилт, үүргийн хэрэгжилт, амжилт шууд хамаарна. Тийм учраас цэргийн сургалт бэлтгэл, сэтгэл зүйн хангалтыг гардан зохион байгуулагч бүх шатны удирдлагууд гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчидтай ажиллаж байгаа залуу офицеруудын хүнтэй ажиллах арга барилыг сайжруулах, өөрийгөө хөгжүүлэх, цэргийн сургалт бэлтгэлийг зохион байгуулж явуулах арга зүйд сурган дадлагажуулах нь чухал ач холбогдолтой. Мөн Зэвсэгт хүчний удирдлагад байгаа та бүхэн цаг, минутаар хувьсан өөрчлөгдөж байгаа нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд өөрийгөө байнга боловсруулж, хөгжүүлж байх нь чухал болоод байна” гэж хэлсэн юм.

Дараа нь ЗХЖШ-ын Сургалтын бодлого зохицуулалтын хэлтсээс цахим сургалт явуулах иж бүрэн төхөөрөмжийг зарим ангид гардуулан өгсөн. Түүнчлэн Зэвсэгт хүчний аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээнд бусдыгаа хошуучилсан тамирчдын цом, медалийг ангийн удирдлагуудад нь гардууллаа.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


“Цэргийн сургалт бэлтгэлийн орчны шинэчлэл ба дэвшилтэт технологи” сэдвийн дор цугларав  
Үзсэн: 1012 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй