Шууд Chart

Шар шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлнэ

2026-04-28 09:02:09

Бангкок хотноо болсон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганы хүрээнд шар шороон шуурганы асуудлаарх тусгай арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Энэхүү уулзалтыг Монгол Улс, НҮБ болон "Хятад-Япон-БНСУ-ын Гурван талт хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газар" хамтран зохион байгуулж, бүс нутгийн орнууд энэхүү байгалийн гамшгийн эсрэг хүчээ нэгтгэх шинэ санаачилгыг албан ёсоор эхлүүлэв. Олон улсын байгууллагуудын гаргасан тайлангаар сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын тал шахуу хувь нь аюултай түвшний тоосжилтод өртөөд байгаа бөгөөд жил бүр агаар мандалд дэгдэж буй 2 тэрбум тонн элс, тоос нь 150 гаруй улс орны иргэдийн эрүүл мэнд, нийгмийн тэгш байдалд сөргөөр нөлөөлөх болжээ.

Зүүн хойд болон Төв Азийн хуурай бүс нутгаас эхтэй шороон шуурга Бээжин, Сөүл, Токио зэрэг томоохон хотуудын агаарын чанарыг ноцтой доройтуулж байгаа тул хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлага тулгарч байна. Монгол Улсын зүгээс энэ асуудлыг шийдвэрлэхэд бүс нутгийн хэмжээнд цаг уурын ажиглалтын нэгдсэн тогтолцоотой болох, иргэдэд хүртээмжтэй эрт сэрэмжлүүлэг хүргэх систем хөгжүүлэх, мөн хамтын ажиллагааг институцийн түвшинд тогтвортой бэхжүүлэх гэсэн гурван гол чиглэлийг санал болголоо. Энэхүү чухал санаачилгыг ирэх наймдугаар сард Улаанбаатар хотод болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурлын (COP17) үеэр дэлхий нийтэд албан ёсоор танилцуулахаар талууд тогтсон байна.


Шар шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлнэ  
Үзсэн: 69 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй