Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ныг дэлхий даяар хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр нь хүүхдийн эсрэг бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийллийг зогсоох, эерэг хүмүүжлийн арга барилыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэдэг байна.
Монгол Улсад энэхүү өдрийг 2006 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллээс ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойд тооцогддог.
Монгол Улс нь нийгмийн бүх орчинд хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглосон дэлхийн 49 дэх улс юм. Энэ нь хүүхдийн эрхийг хамгаалах бодлого, хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлд гарсан чухал алхам гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Олон улсын байгууллагуудын мэдээлснээр хүүхдийг зодож шийтгэх нь зан төлөвийг засах арга биш бөгөөд айдас, түрэмгий зан, өөртөө итгэх итгэлийн бууралтад хүргэдэг сөрөг үр дагавартай. Иймээс эцэг, эх, асран хамгаалагчид, багш сурган хүмүүжүүлэгчдийг хүүхэдтэй харилцахдаа хүндлэл, ойлголцол, дэмжлэгт тулгуурласан эерэг арга барилыг хэрэгжүүлэхийг уриалж байна.
Энэ өдөр дэлхийн улс орнуудад эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хэрхэн хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн бодохыг, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг уриалдаг юм. Мөн хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, бүх орчинд хүүхдийг зодож шийтгэхийг хориглох бодлогыг бэхжүүлэхийг сануулдаг байна.
Хүүхдийг хамгаалах, тэдний эрхийг хангах нь зөвхөн төр засгийн бус, гэр бүл, сургууль, нийгмийн бүх түвшний хамтын оролцоог шаарддаг асуудал хэвээр байгааг энэ өдөр онцолж байна.
| ӨНӨӨДӨР: Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр | ||
| Үзсэн: 57 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.