Шууд Chart

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт боллоо

2021-09-25 09:50:02

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76-р чуулганы хүрээнд Аюулгүйн зөвлөлийн байнгын таван орны Гадаад хэргийн сайд нарын уулзалт боллоо. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийн оролцсон энэ уулзалтаар хөндөж хэлэлцсэн гол сэдэв нь Афганистан байлаа. Тодруулбал, Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнууд энэ үеэр Афганистанд хүмүүнлэгийн дэмжлэг тусламжийг яаралтай тасралтгүйгээр үзүүлэх шаардлагатай байгааг онцолсон байна.

Мөн уулзалтад оролцогчид Афганистаныг терроризмын үүр уурхай болгохоос сэргийлэхийг Талибан хөдөлгөөнийхөнд хандаж уриалахаар тохиролцжээ.

Өнгөрсөн сард Талибууд Афганистаны засгийн эрхийг авсны дараагаар тус улсын Засгийн газрын бүх активыг царцаасан юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд багтдаг БНХАУ, ОХУ үүнийг цуцлах уриалга гаргасан ч барууны орнууд одоогоор бэлэн бус байгаагаа илэрхийлжээ.

Үүний зэрэгцээ НҮБ-ын энх тайван аюулгүй байдлын асуудал эрхэлсэн гол байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар уур амьсгалын дулаарлын эсрэг тэмцэлтэй холбоотой асуудлыг онцлон хөндсөн байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга энх тайван, аюулгүй байдлын төлөө Глазго дахь уур амьсгалын бага хурлын өмнө "Их 20"-ийн орнууд илүү шийдвэртэй алхам хийх хэрэгтэй байгааг сануулж байлаа.

Дэлхийн дулааралтай холбоотой асуудлыг Аюулгүйн зөвлөлөөр ийнхүү хэлэлцсэн нь дэлхийн энх тайван, аюулгүй байдалд уур амьсгалын өөрчлөлт заналхийлж байгааг баталсан явдалд тооцогдож байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт боллоо  
Үзсэн: 630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй