Шууд Chart

Ла Пальма арлыг "Гамшгийн бүс" хэмээн зарлана

2021-09-25 13:33:20

Есдүгээр сарын 19-ний өдөр Испанийн Ла Пальмын аралд Кумбре Вийжа галт уул дэлбэрсэн нь олон гамшгийг ар араасаа дагуулаад байна. Долоо дахь өдрөө үргэлжлэн дэлбэрч байгаа тус галт уулын халуун лаав Атлантын далайг чиглэн уруудсаар байгаа юм.

Одоогоор Испанийн Ерөнхий сайд Педро Санчес Пальмын аралд ажиллаж байгаа бөгөөд тус газрыг “Гамшгийн бүс” хэмээн зарлах гэж байна.

Ла Пальма аралд хамгийн сүүлд 1971 онд буюу 50 жилийн өмнө галт уул дэлбэрснээс хойш ийм хэмжээний гамшиг тохиогоогүй байсан юм.

Өнөөдрийн байдлаар галт уулнаас урссан халуун лаав 300 гаруй байшин барилгыг хайлуулж, 160 га газрыг хамран урсаж байна. Мөн урсаж байгаа лаавын халуун хэм нь дээшээ 6 метр өндөрт төөнөж байна.

Галт уул дэлбэрэхийн өмнөх долоо хоногт оршин суугчдад чичиргээ мэдэгдэж байснаас тус нутгийн оршин суугчид бэлтгэл өндөр байж, азаар хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдсэнгүй.

Одоогоор 5000 орчим айл өрхийг нүүлгэснээс 700 орчим нь гадны жуулчид байгаа аж. Испанийн Ерөнхий сайд Педро Санчес ирэх мягмар гарагт Ла Пальмын арлыг “гамшгийн бүс” хэмээн зарлахаар бэлтгэж байна.

Мөн Канарын арлуудын Засгийн газартай хамтран хохирогчдод 2 төрлийн багц төлөвлөгөө танилцуулна.

Үүнд, галт уулын дэлбэрэлтийн улмаас орон гэргүй болж, хамаг эд хөрөнгөө алдсан иргэдэд яаралтай туслах, эвдэрч сүйдсэн барилгууд, зам дэд бүтэц, хөдөө аж ахуйн зориулалттай газруудыг засварлах, мөн аялал жуулчлалыг эргэн сэргээх зэрэг ажлууд багтаж байна.

Канарын арлуудын галт уул судлалын хүрээлэнгийн урьдчилсан мэдээгээр дэлбэрэлт 24-84 хоног үргэлжлэх төлөвтэй байна.

Испанийн Ерөнхий сайд гамшгийн улмаас НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы дээд хэмжээний долоо хоногт оролцох айлчлалаа цуцлаад байгаа юм. Учир нь тус галт ууланд 20 сая орчим куб метр лаав хуримтлагдсан нь ирэх өдрүүдийн гамшигт бэлэн байдалд байх ёстой сануулж байна гэж мэдэгдэлдээ дурдсан юм.

Хамгийн сүүлд 1971 онд тус аралд галт уул дэлбэрэхэд ойролцоо нь гэрэл зураг авч байсан хүн амиа алдаж байсан билээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ла Пальма арлыг "Гамшгийн бүс" хэмээн зарлана   
Үзсэн: 558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй