Шууд Chart

Норвеги улс хүн амынхаа 90 гаруй хувийг вакцинжуулж, хөл хориогоо сулруулж эхэллээ

2021-09-25 14:26:01

Норвегийн эрх баригчид коронавирусний эсрэг хязгаарлалтын дэглэмүүдээ өнөөдрөөс цуцалж эхэллээ. Ингэснээр Норвегийн иргэд хэвийн амьдралдаа орж, нийгмээс дахин тусгаарлагдах шаардлагагүй болно гэж тус улсын Ерөнхий сайд Эрна Солберг мэдэгдсэн юм.

Норвегийн Ерөнхий сайд өчигдөр хэвлэлийн хурал зарлаж үндэсний хэмжээнд тогтоосон хөл хорионы ихэнхийг нь цуцлах болсноо мэдэгдсэн байна.

Тэрбээр "Бид насанд хүрсэн иргэдийнхээ 90 гаруй хувийг вакцинжуулж тодорхой үр дүнд хүрсэн. Хэдийгээр цар тахал бүрэн намжихгүй ч, бидэнд бүх амьдралынхаа турш коронавирустэй дасан зохицож амьдрахаас өөр сонголт үлдсэнгүй. Цар тахлын дэгдэлттэй Норвеги улс амжилттай тэмцэж, халдварын тархалтыг үндсэндээ хяналтдаа авч чадлаа. Хэдийгээр цаашид вирусний олон хувилбар гарч, халдварын тархалт өсөх магадлалтай ч дахин хатуу хөл хорио тогтоохгүй. Норвегийн иргэд олон нийтийн арга хэмжээнд чөлөөтэй оролцож, нийгмийн амьдралаас тусгаарлагдах шаардлагагүй. Мөн ажиллах, сурах, аялах бүгдэд нь нээлттэй" гэж мэдэгдсэн юм.

Харин тус улсад хөл хорионы дэглэмээс хэд хэдэн журам хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Үүнд коронавирусний халдвар илэрсэн хүмүүс тусгаарлалтын дэглэмээ баримтална. Мөн тус улсад ирж байгаа жуулчид коронавирусний эсрэг вакцинд хамрагдсан байх бөгөөд шинжилгээ заавал өгсөн байх хэмээн тусгажээ.

Норвеги улс өнөөдрийн байдлаар 18-аас дээш насны иргэдийнхээ 90 гаруй хувийг вакцинжуулаад байна.

Мөн Норвегиос гадна коронавирустэй дасан зохицож амьдрах ёстой гэж үзсэн хэд хэдэн улс хөл хориогоо сулруулсаар байгаа юм. Тухайлбал, Дани улс энэ сарын 10-нд хөл хорионы дэглэмүүдээ цуцалж байгаагаа мэдэгдсэн. Үүний дараа Грек улс энэ сарын 20-нд хэвийн амьдралдаа эргэн орж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм. Мөн Австрали улс цар тахлын дэгдэлтийг хумьж, вакцинжуулалт өндөр байгаа зарим улсад чөлөөтэй зорчихоор болсон байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Норвеги улс хүн амынхаа 90 гаруй хувийг вакцинжуулж, хөл хориогоо сулруулж эхэллээ  
Үзсэн: 941 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй