Шууд Chart

Б.Батбаяр: Чөлөөт бөхийн холбоо 2022 оны нэгдүгээр сараас шинэ багаар ажиллана

2021-10-13 17:03:08

Норвегийн Ослод болсон чөлөөт бөхийн ДАШТ-д амжилттай оролцсон Монголын шигшээ баг өнөөдөр эх орондоо ирж, хэвлэлийн бага хурал хийв. Үүнд тамирчид, дасгалжуулагч нараас гадна Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага оролцсон юм.

Ослогийн ДАШТ-д манай эмэгтэйчүүдийн баг дөрвөн хүрэл медаль, хоёр шагналт байр эзэлсэн амжилтаар тэмцээнд оролцсон 34 орноос гуравдугаар байрт шалгарч, хүрэл цомын эзэн болсон билээ. Харин эрэгтэй баг хоёр хүрэл медаль, гурван шагналт байр эзэлсэн амжилтаар 52 орноос зургаадугаар байрт жагссан. Эрэгтэй, эмэгтэй багийн дүнгээр эхний зургаад багтсан хоёрхон орон байсан нь АНУ, Монголын баг.

Энэ үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр “Өнөөдрийн энэ амжилт бол манай холбооны таван жилийн ажил, бодлогын үр дүн гарч эхэлж байна гэж харж байгаа. Мэдээж бид энэ бодлогоо цааш нь үргэлжлүүлнэ. Алдсан, оносон зүйл их байгаа. Гол нь хүн болгонд, залуучуудад боломж олгох, мөн зорилгоо маш тодорхой болгох бодолтой байгаа. Сая хорин тамирчин ДАШТ-д яваад ес нь медалийн төлөө барилдаж байгаа бол ирэх жилээс дор хаяж 10 жинд медалийн төлөө өрсөлдөх, эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг аварга төрүүлэх гэх зэргээр зорилгоо тодорхой болгох хэрэгтэй. Манай багш, тамирчид одоо өөрсдөдөө илүү итгэл төгс болсон. Бид 2017 оноос дэлхийн аваргад оролцох тамирчдыг сонгон шалгаруулалтаар шалгаруулдаг болсон. Үүний үр дүнд өрсөлдөөн нэмэгдсэн. Олимпын шинэ цикл эхэлж байгаатай холбоотойгоор Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалтыг БТСУХ-той хамтран 11 дүгээр сард хийгээд 2022 оны нэгдүгээр сараас шинэ шигшээ баг ажилдаа орно” гэсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Батбаяр: Чөлөөт бөхийн холбоо 2022 оны нэгдүгээр сараас шинэ багаар ажиллана  
Үзсэн: 1082 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй