Шууд Chart

БНХАУ ОХУ-тай эрчим хүчний том төслүүдээ урагшлуулах сонирхлоо илэрхийлэв

2021-10-16 10:25:32

БНХАУ дотоодынхоо нүүрс олборлолтыг нэмэгдүүлэх, эрчим хүч их хэрэглэдэг үйлдвэрүүдэд эрчим хүч хязгаартайгаар өгөх зэргээр нүүрсний үнийг барих хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлж байна. Мөн өвлийн ид хүйтнээс өмнө эрчим хүчний нийлүүлэлтээ хангана гэж эрчим хүч хэрэглэгчдэдээ амлалт өгч байна.

Хятадын ихэнх нутгаар цаг агаар хүйтэрч, цахилгаан станцууд нь нүүрсээ нөөцлөхөөр чармайж байгаагаас тус улсад нүүрсний үнэ түүхэнд байгаагүйгээр өсөж, эрчим хүчний хямрал улам гүнзгийрч байна гэж олон улсын хэвлэлүүдээр мэдээлж байна.

Цаг агаар хүйтэрч байгаагаас тус улсын айл өрх, албан байгууллагуудын халаалтыг нэмэх эрчим хүчний эрэлт энэ долоо хоногт улам өсөж байна. Нүүрсний нийлүүлэлт багассан, шатахууны үнэ өссөн, цар тахлын дараах аж үйлдвэрлэлийн эрэлт, хэрэгцээ нэмэгдсэнээс дэлхийн хоёр дахь том эдийн засаг Хятадад эрчим хүчний хомсдол үүсээд байна.

Есдүгээр сараас хойш эх газрын Хятадын 30 гаруй мужийн 17 мужид үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр зогсоосноос бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж байна. Хамгийн их үйлдвэрлэл явуулдаг, эдийн засгийн гол төвүүдийн нэг Жэнжөү хотод гэхэд нүүрсний үнэ тонн тутамдаа 1670 юаньд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 200 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Хятадын эрх баригчид эрчим хүчний хомсдолоос гарах, нүүрсний үнийн өсөлтийг тогтоон барихын тулд дотоодынхоо нүүрс олборлолтыг нэмэгдүүлэх, эрчим хүч их хэрэглдэг үйлдвэрүүдийн эрчим хүчийг хязгаарлах зэрэгарга хэмжээ авч байна. Гэвч тус улсад эрчим хүчний энэ хомсдол ирэх оны эхэн үе хүртэл үргэлжилнэ гэж шинжээчид үзэж байна.

Мөн нүүрсний нийлүүлэлт буурч, орон нутгийн засаг захиргаа нь айл өрхийн эрчим хүчийг хангахад гол анхаарлаа хандуулж байгаагаас энэ оны дөрөвдүгээр улиралд аж үйлдвэрлэлийн эрчим хүчний хэрэглээ 12 хувиар буурна гэж тооцож байна. Энэ үеэр Хятадын эрх баригчид олон жил яригдсан эрчим хүчний салбарын шинэчлэлтийг урагшлуулж, эрчим хүчний үнийг чөлөөлнө гэдгээ зарлалаа.

Хятад улс 2060 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулдаггүй орон болно гэсэн зорилт тавьж, нар, ус, салхинаас эрчим хүч гарган авахыг дэмжиж, нүүрсний эрчим хүчнээс хамааралтай байдлаа бууруулах бодлого барьж байгаа юм. Гэвч нэг хэсэгтээ нүүрснээс татгалзах боломжгүйг одоогийн энэ байдал харуулж байна.

Мөн Хятад улс эрчим хүчний салбарт Оростой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхлоо илэрхийллээ. Тухайлбал, тус улсын Төрийн зөвлөлийн дэд сайд "Оросын эрчим хүчний 7 хоног" олон улсын чуулганд үг хэлэхдээ Хятад, Орос хоёр эрчим хүч дамжуулахад тэргүүлэгч байр суурьтай орнууд, иймээс газрын тос, байгалийн хий, цөмийн эрчим хүчний төслүүдээ урагшлуулахад хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, өргөжүүлэх нь чухал гэж мэдэгджээ.

Хятад нь эрчим хүчний нийлүүлэлт буурснаас үүдэж эрчим хүчний хомсдолтой тулгарч байгаа цорын ганц улс биш. Европ, Энэтхэг, Ойрх Дорнодын зарим улсад эрчим хүчний хомсдол адилхан бий болж байна. Ирэх сард Их Британид дэлхийн эрх баригчид цаг уурын өөрчлөлтийг сааруулах хүчин чармайлтаа нэмэгдүүлэх зорилгоор дээд хэмжээний уулзалт хийх гэж байгаа ийм үед эрчим хүчний энэ хямрал дэлхийн эдийн засгийн түүхий нүүрснээс хамааралтай байдлыг бууруулахад маш хүнд гэдгийг харуулж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ ОХУ-тай эрчим хүчний том төслүүдээ урагшлуулах сонирхлоо илэрхийлэв   
Үзсэн: 916 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй