Шууд Chart

Яруу найрагч Э.Гантулга “Дүүрэн билэг” яруу найргийн наадамд өнгөллөө

2021-10-19 11:21:03

С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн Төв номын сан үүсч хөгжсөний 75, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Барнангийн Доржпаламын агсны мэндэлсний 70 жилийн ойн хүрээнд "Дүүрэн билэг" яруу найргийн наадам болж, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Э.Гантулга түрүүллээ.

Дундговь аймгийн төв Мандалговь хотноо байрлах Төв Халхын дуулалт жүжгийн театрт болсон тус наадамд бүтээлээ урьдчилан ирүүлсэн яруу найрагчдаас 21-ийг нь хоёрдугаар шатанд шалгаруулан дараагийн хоёр шатанд шүлгийг нь уншуулж, уралдуулсан юм.

Хоёрдугаар байрт Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч М.Уянсүх, гуравт МЗЭ-ийн шагналт, яруу найрагч В.Нэргүй, тусгай байруудад МҮОНР-ийн сэтгүүлч, яруу найрагч Д.Гэндэнсүрэн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Н.Болормаа нар шалгарсан юм.

"Дүүрэн билэг" яруу найргийн наадмыг Б.Доржпалам агсны уугуул нутаг Говь-Угтаал сумын ЗДТГ ивээн тэтгэсэн ба наадамд Б.Доржпалам агсны охин Д.Энх-Улирал болон найрагчийн төрсөн дүү Барнангийн Чимэдгүнсэн нар хүрэлцэн ирж оролцов.

Мөн энэ үеэр яруу найрагч О.Гончигсүрэнд Г.Сэр-Одын нэрэмжит шагнал гардуулсан бөгөөд яруу найрагч Ц.Хүүхэнхүүг Монголын зохиолчдын эвлэлийн гишүүнээр элсүүлэн үнэмлэх олголоо.

Шагналын сангийн хувьд тэргүүн байр нэг сая, аман хүзүү 800, гутгаар байр 500, дөрөв, тавдугаар байрынх 300, 250 мянган төгрөг, өргөмжлөлөөр урамшуулсан юм.

Түүнчлэн ойн үйл ажиллагааны хүрээнд С.Буяннэмэхийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, Б.Доржпалам найрагчийн “Би ирж явна” номын нээлт, Эрдэм шинжилгээний хурал боллоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Яруу найрагч Э.Гантулга “Дүүрэн билэг” яруу найргийн наадамд өнгөллөө  
Үзсэн: 1362 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй