Шууд Chart

Эрдэмтэд цар тахлын дараах гамшгийг нэрлэж байна

2021-10-21 12:37:52

Шотландын Глазго хотод дэлхийн өнцөг булан бүрээс анагаахын салбарын эрдэмтэд чуулж, уур амьсгалын өөрчлөлт хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар илтгэлүүд тавьсан нь олон улсын анхаарлыг татаад байна. 

Дэлхийн дундаж хэм аж үйлдвэрийн өмнөх үеэс 1.5 хэмээр дулаарсан нь зөвхөн байгаль орчин төдийгүй хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна хэмээн эрдэмтдийн илтгэлд дурдсан юм. Энэ нь цар тахлын дараах бас нэг том сорилт бөгөөд дэлхийн улс орнуудын эмнэлгийн байгууллагууд эдгээр өөрчлөлтүүдтэй аль хэдийн тэмцэж эхэлсэн гэлээ. Одоогоор дэлхий дахинд хамгийн тулгамдаж байгаа асуудал бол нүүрснээс үүдэлтэй агаарын бохирдол хэмээн эрдэмтэд дуу нэгтэй онцолж байна.  Нүүрснээс үүдэлтэй агаарын бохирдлын улмаас  жил бүр 7 сая хүн цаг бусаар хорвоог орхидог гэсэн ДЭМБ-ын  судалгаа байдаг.

Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн байгаль орчны доройтол туйлдаа хүрч агаар хөрсний чанар муудсан нь газар тариаланд сөргөөр нөлөөлж, жилээс жилд хоол хүнсний чанар муудаж байна. Мөн хүнсний болон агаарын чанар муудсан нь хорт хавдрын нэг үндэс болж байна гэлээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй өвчлөлүүд жил ирэх нэмэгдсээр байгааг аль ч орны эмч нар батална гэж үзжээ. Глазго хотноо чуулсан эрдэмтдийн үзэж байгаагаар ирэх 11 дүгээр сард болох уур амьсгалын эсрэг бага хуралд дэлхийн удирдагч нар нэг зүйл дээр санал нэгдэх ёстой. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг багасгах сэдэв байх ёстой гэжээ. 

Мөн ДЭМБ-ын тайланд 21 дүгээр зууны төгсгөлд дэлхийн дундаж хэм цельсийн 2.7-3.1 хэмээр нэмэгдэх болно хэмээн дурдсан байдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр нь 1.5 хэмийг цаашид дахин нэмэгдүүлэхгүй хэмээн “баталсан” бөгөөд үүнээс цааш нэмэгдвэл байгалийн гамшигт өртөх хүмүүсийн тоог баримжаалах аргагүйд хүрнэ гэлээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигууд өнгөрсөн зун дэлхий дахинд ихээхэн хохирол үзүүлсэн.

Өнгөрсөн зуны хувьд Хятад, Энэтхэг, Пакистан, Вьетнам, Канад, Герман, Бельги АНУ зэрэг оронд тохиосон хар салхи, үер, цунами, ой хээрийн гал түймрийн улмаас сая сая хүний амьдрал хэрхэн сүйрсэн тухай эрдэмтэд тайлбарласан юм. Харин уур амьсгалын өөрчлөлт хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллөөс сэргийлэхийн тулд дараах 4 арга хэмжээг зайлшгүй авах ёстой юм байна. Үүнд:

  1. Дэлхийн улс орнууд нүүрсний хэрэглээнээс ангижирч сэргээгдэх эрчим хүч рүү яаралтай шилжих,
  2. Өндөр хөгжилтэй орнууд Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, ядуу буурай орнуудад үүргээ биелүүлэхэд нь туслах,
  3. Дэлхийн Засгийн газрууд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй өвчлөлд эрүүл мэндийн тусламж үзүүлэх тогтолцоог бий болгох,
  4. Нийгмийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулах багтаж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Парисын хэлэлцээр” нь 2015 оны 12 дугаар сард дэлхийн 190 гаруй улсын удирдагчийн үзэглэсэн гэрээ юм.  Парисын хэлэлцээрээр дэлхийн дулаарлыг зогсоох гол төлөвлөгөөнүүдийг тодорхойлсон. Гэхдээ нүүрсний хэрэглээг бүр мөсөн зогсоох биш харин утааг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт бага багаар шилжих зэрэг бодлогууд энэ хэлэлцээрээр батлагдсан.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эрдэмтэд цар тахлын дараах гамшгийг нэрлэж байна  
Үзсэн: 2008 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй