Шууд Chart

Халдвар гарснаас болж багш нарын урамшууллыг олгохгүй байх ёсгүй

2021-10-21 14:30:04

НОК-оос долоо хоног бүрийн пүрэв гарагт цаг үеийн асуудлаар мэдээлэл өгдөг. Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Батбилэг дараах мэдээллийг өглөө.  

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш сургуулиуд танхимаар болон зайны сургалт явуулаад хоёр сар болж байна. Өнөөдрийн байдлаар хүүхдүүдээс илэрч буй халдварын тохиолдол буурах хандлагатай байгаа юм. Одоогийн байдлаар хоёр сургууль, таван цэцэрлэг 100 хувь цахимд шилжээд байна. Нийт 53 багш, 37 ажилтан, 153 хүүхэд коронавирусийн халдвар авсан гэсэн судалгаа гарсан. Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаал гарсан байгаа. Үүнтэй холбогдуулан хичээл сургуулийн үйл ажиллагааг зохион байгуулах түр журам хэрэгжиж байна.

Энэхүү түр журмын 2.11 дэх заалтад биеийн тамирын хичээлийг хэрхэн зохион байгуулах тухай тусгасан байдаг. Биеийн тамирын хичээл дулааны улиралд сургуулийн гадна талбайд, тухайн өдрийн хичээлийн сүүлийн цагт байхаар зохицуулж, суралцагчдыг хэт ядрах, ачаалал авах, хөлрөх зэргээс сэргийлж, хурд, хүч шаардахгүй, тэдний эрүүл мэндийг дэмжсэн хөнгөн дасгал, хөдөлгөөнийг хүн хоорондын зай барин хийх байдлаар зохион байгуулна гэж тусгасан байгаа. Харин одоо гадаа хүйтэрч байгаа учир биеийн тамирын хичээл цахим хэлбэрээр орж байна. Сургуулиудын спорт заал нээгдээгүй.

Халдвар авсан багш нарт болон анги удирдсан багш нарын сурагчдаас халдвар илэрсэн тохиолдолд үр дүнгийн урамшуулал олгохгүй байна гэдэг нь ташаа мэдээлэл. Хичээл сургалтын үндсэн үйл ажиллагааны үр дүнг үндэслэн багш нарын үр дүнгийн урамшууллыг олгох ёстой. Халдвар авсан эсэхээс хамаарч үр дүнгийн урамшууллыг олгохгүй байх зохицуулалт одоогоор байхгүй.

2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах талаар тушаал, шийдвэр албажаагүй байгаа. Боловсрол, шинжлэх ухааны сайдын өгсөн мэдээллээр халдварын нөхцөл байдлаас шалтгаалан 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах эрмэлзэлтэй байгаа. Мөн халдвар аваад, нас барсан багшийн мэдээлэл ирээгүй гэлээ.


Халдвар гарснаас болж багш нарын урамшууллыг олгохгүй байх ёсгүй  
Үзсэн: 1184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй