Шууд Chart

Их Британи Шинэ Зеландтай Чөлөөт худалдааны гэрээ байгууллаа

2021-10-22 11:35:47

Тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон гэрээний талаар сэтгүүлчдэд мэдээлэхдээ Экспортлогчдын зардлыг бууруулж, Шинэ Зеландын зах зээлийг Их Британийн мэргэжилтнүүдэд нээлттэй болгож байгааг онцолсон юм. Өмнө нь Их Британийн гадаад худалдааны багахан хувийг буюу 0.2 хүрэхгүй хувийг Шинэ Зеландтай хийх худалдаа эзэлдэг байсан юм. Борис Жонсон Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардернтэй 16 сарын турш хэлэлцээ хийсний эцэст уржигдар Чөлөөт худалдааны гэрээ батлагдсан юм.

Чөлөөт худалдааны гэрээнд Их Британиас Шинэ Зеланд руу экспортлогдох бэлэн хувцас, хөлөг онгоц, бульдозер зэрэг бараа бүтээгдэхүүн, Шинэ Зеландаас Их Британи руу гарах дарс, зөгийн бал, жимс гэх мэт хүнсний бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэж байна. Түүнчлэн Их Британийн фермерийн аж ахуй эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс 15 жилийн хугацаанд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний татварыг аажмаар цуцлах талаар тусгажээ.

Зарим шинжээчид Чөлөөт худалдааны гэрээний харилцан ашгийн талаар дүгнэхдээ “Их Британи ажиллах хүчний хомстолд орсон тул, энэхүү гэрээнээс төдийлөн ашиг олж чадахгүй. Ойролцоогоор 112 сая фунт стерлингийн бүтээгдэхүүн л экспортолж чадна” хэмээн тооцоолжээ. Харин Шинэ Зеландын мах, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид л жинхэнэ мега төсөл боловсруулж худалдааны гэрээний ялагч болж чадна. Тэдний хувьд Их Британийн аварга том зах зээлд хурганы махаа нийлүүлэх  боломж гарч ирлээ” гэжээ.

Их Британи өнгөрсөн онд “Brexit”-ийн дараах анхны том гэрээгээ Япон улстай байгуулсан бөгөөд үүний дараа зургадугаар сард Австрали улстай худалдааны хэлэлцээр хийх гэрээнд гарын үсэг зурсан юм. Түүнчлэн Шинэ Зеландтай чөлөөт худалдааны гэрээ хийж байгаа нь 11 гишүүнтэй Номхон далай дамнасан түншлэлд Их Британи улс орох чухал алхам болж байна.

Өчигдрийн байдлаар Их Британи, Шинэ Зеланд улсын гадаад худалдааны эргэлт 3.2 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. “Бриксит”-ийн дараа Их Британи улс Европын холбоотой худалдааны гэрээ шинээр байгуулж, мөн тус холбоотой Чөлөөт худалдааны гэрээ байгуулсан 60 гаруй улстай худалдааны өмнөх нөхцөлийг хэвээр үлдээхээр тохиролцсон байдаг. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британи Шинэ Зеландтай Чөлөөт худалдааны гэрээ байгууллаа  
Үзсэн: 671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй