ОХУ-аас зохион байгуулсан Афганистаны асуудлаарх олон улсын зөвлөлдөх уулзалтад оролцсон Талибан хэд хэдэн асуудал дээр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр Талибан бусад оронтой найрсаг харилцаа тогтоож, хамтран ажиллахад бэлэн гэдгээ уламжилсан бөгөөд АНУ-ын царцаасан 9.4 тэрбум долларын хөрөнгөө авч эдийн засгаа сэргээх хүсэлтэйгээ онцолсон юм.
Олон улсын зөвлөлдөх уулзалтын үеэр Талибан “Бүс нутагт энх тайван байдлыг эрхэмлэж, Афганистаны эдийн засгийг сэргээх шаардлагатай байна. Бусад улс орнуудтай найрсаг, түншийн хувиар харилцаж олон улсын хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрүүлэх боломжийг энэ уулзалт олгож байна” гэлээ. Мөн Афганистаны Засгийн газрыг хүлээн зөвшөөрч аюулгүй байдлыг хангах, ахиц дэвшил гаргахад нь бусад улсын дэмжлэг чухал байгааг Талибаны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Амир Хан Муттаки онцолсон юм.
Москва хотноо БНХАУ, Пакистан, Иран, Энэтхэг, Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг 10 орны төлөөлөгч болон Талибаны өндөр албан тушаалтнууд Афганистаны асуудлаарх гурав дахь зөвлөлдөх уулзалтад оролцсон юм. Уулзалтын үеэр Афганистаны Түр Засгийн газрын Орлогч сайд Абдул Салам Ханафи "Афганистаны Төв банкны 9.4 тэрбум ам.долларын царцсан хөрөнгийг гаргаж өгөхийг АНУ-аас хүссэн юм. Тэрбээр “Энэ бол Афганистаны ард түмний баялаг. Манай иргэд улс төрийн сөргөлдөөний золиос болох ёсгүй” хэмээн мэдэгдсэн юм. Хэрэв АНУ Афганистаны Төв банкны царцаасан дээрх мөнгийг эргүүлэн өгвөл тус улсын ард иргэдэд тулгамдаж байгаа асуудлууд эхнээсээ эмх цэгцэндээ орно хэмээн мэдэгдээд байна.
Уулзалтын дараа ОХУ-ын Гадаад хэргийн яамны сайтад нийтэлсэн мэдэгдэлд Талибантай цаашид бодитой хамтран ажиллах шаардлагатайг дурджээ. Уулзалтад оролцогч орнууд Афганистаны одоогийн удирдлагаас засаглалыг сайжруулах, жинхэнэ хүртээмжтэй Засгийн газар байгуулах талаар бодитой алхмууд хийхийг хүсчээ.
Мөн талууд Кабулыг гадаад болон дотоод бодлогоо оновчтой хэрэгжүүлж, хөрш орнууддаа ээлтэй байхыг уриалсан юм. Талууд мөн НҮБ-ын ивээл дор өргөн хүрээтэй олон улсын хандивлагчдын бага хурлыг яаралтай зохион байгуулахыг санал болгох дээр санал нэгдлээ.
Олон улсын зөвлөлдөх уулзалтад оролцсон 10 орны төлөөлөгч Афганистаны эдийн засаг, сэргээн босголт, хөгжил цэцэглэлтийг "Сүүлийн 20 жилийн хугацаанд тус улсад байсан цэргийн хүчнийхэн хариуцах, үүрэх ёстой" хэмээн онцолжээ.
Талибан бусад оронтой найрсаг харилцаа тогтооход бэлэн гэв | ||
Үзсэн: 773 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.