Шууд Chart

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

2021-10-23 07:18:42

Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар 2021 оны аравдугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав.

Улсын Их Хурлаас 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зүйлд Улсын Их Хурлын гишүүний хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаалыг заасан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын сонгуульт албан тушаал, багшлах болон эрдэм шинжилгээний ажил эрхлэх, төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал эрхэлж болохоор зохицуулсан.

Хууль санаачлагчид Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилгыг хэрэгжүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, өөрийн орны болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын парламентын бодлогыг олон улсын байгууллага болон төрөлжсөн байгууллагын бодлого, шийдвэрт тусгуулахын тулд Улсын Их Хурлын гишүүний хувиар тухайн байгууллагын сонгуульт албан тушаалд сонгогдох нь чухал гэж үзэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлснээ Х.Булгантуяа гишүүн танилцуулав.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны аравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг холбогдох олон улсын байгууллага, төрөлжсөн байгууллагын сонгуульт албан тушаалд Улсын Их Хурлын гишүүн сонгогдон ажиллах боломж олгохын тулд заавал хуульд нэмэлт оруулах шаардлагатай эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат Улсын Их Хурлын гишүүний үндсэн чиг үүрэгтэй холбоотой олон улсын байгууллага, төрөлжсөн байгууллагад ямар байгууллагыг ойлгох, гүйцэтгэх удирдлагаас бусад сонгуульт албан тушаал гэдгийг хэрхэн ойлгох талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.4-т Улсын Их Хурлын гишүүн төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал эрхлэх боломжтой байхаар зохицуулсан одоогийн зохицуулалт хэр зохистой талаар тус тус асуулт асууж, хариулт авсан байна. Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн талаар Б.Пүрэвдорж гишүүн танилцууллаа.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын Б.Энхбаяр, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, төсөл санаачлагчаас хариулт авсан бол төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Н.Энхболд, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд “Монгол Улс гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангана” гэж заасан байдаг, энэ хүрээнд Монгол Улсын олон улсын тавцан дахь үйл ажиллагаа бүх салбарт идэвхтэй байх шаардлагатай гэдгийг Ц.Мөнхцэцэг хэллээ. Тийм учраас Улсын Их Хурлын гишүүн олон улсын байгууллагын удирдлагад байх нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд нийцсэн, бүс нутгийнхаа хүрээнд улс орныхоо нэр хүндийг өргөх, олон талын болон хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх эерэг үр нөлөөтэй байх тул төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд мөн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгааг илэрхийлсэн. Шаардлагатай бол гишүүд эл асуудлаа Улсын Их Хурлын түвшинд шийдвэрлэдэг байх зохицуулалтыг төсөлд тусгах бололцоо бий гэв. Н.Учрал гишүүн ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны удирдах зөвлөлийн гишүүн гэдгийг Г.Занданшатар дарга хэлээд “Улсын Их Хурлын гишүүдийн үндсэн үүрэгт нь хамаарах ажлаар олон улсын болон тодорхой төрлийн байгууллагын сонгуульт албан тушаалд сонгогдон ажиллах эрх зүйн орчныг нээлттэй болгохгүй бол дээрх шиг тохиолдол хуулийн зөрчил мэт харагдах талтай. Тиймээс энэ онцлогийг тооцож, иргэд олон нийтэд танилцуулж, судалгаа хийж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх нь зүйтэй” гэв.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 70.5 хувь нь дэмжсэн тул Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.


Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ  
Үзсэн: 1288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй