Шууд Chart

Владимир Путин: Европыг эрчим хүчний хямралаас гаргах бүрэн боломжтой

2021-10-24 09:35:50

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Европыг эрчим хүчний хямралаас гаргах шийдлүүдийг онцоллоо. Тэрбээр Европын холбооны зохицуулагчид "Умардын урсгал-2" төсөлд зөвшөөрөл олговол ОХУ-аас Европ руу нийлүүлэх хийгээ нэмэгдүүлэхэд бэлэн байна хэмээн мэдэгдсэн байна.

Хэрэв Европын холбооны зохицуулагчид "Умардын урсгал-2" төслийн зөвшөөрлийг "өнөөдөр" олговол “маргааш” Газпром компани Европ руу байгалийн хийгээ 17.5 тэрбум шоо метрээр нэмэгдүүлэн нийлүүлэх боломж байна гэлээ. Нэмэгдүүлэх боломжтой 17.5 тэрбум шоо метр байгалийн хий нь ОХУ-аас Туркээр дамжуулан Европ руу экспортолдог хийн 10 орчим хувьтай тэнцэнэ.

Хэрэв Европын холбоо энэ болзлыг зөвшөөрвөл “Умардын урсгал-2” хийн хоолойн төслийн эхний шугамаар дамжуулан өмнө байгаагүй их хийг хүлээн авах болно хэмээн “Фаяниншел Таймс” сонин онцлоод байна. Энэ сарын эхээр “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойн эхний шугамыг хийгээр дүүргэж эхэлсэн тухай дамжуулах хоолойн оператор компани болох Умардын урсгал “ЭйЖи” компани мэдэгдсэн.

Харин хий дамжуулах 2 дугаар шугамын ажил ирэх 12 дугаар сард бүрэн дуусна. Европын холбоо "Умардын урсгал-2" хийн хоолойн төсөлд Европын холбооны зохицуулагчид зөвшөөрөл олгохгүй гацааж байгаа нь уг төсөл геополитикийн хувьд ихээхэн маргаан дагуулсаар байгаатай холбоотой.

Тухайлбал, АНУ-ын зүгээс уг төсөл нь Европыг ОХУ-аас хараат болгох эрсдэлтэй хэмээн эрс эсэргүүцэж, барилгын ажилд оролцсон бүх компаниудад хориг тавьсан юм. Европын холбооны орнууд ч уг төслийг хэрэгжүүлэхэд хоёр хуваагдан талцсан хэвээр байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин: "Сонгогчдоо хууран мэхэлсэн", "мэргэжлийн бус хүмүүс" Европын холбооны эрчим хүчний бодлогыг гацаанд оруулж байна. Европын холбоо “спот” зах зээлийн арилжаа гэх мэт алсын хараагүй бодлого баримтлахын оронд “Умардын урсгал 2" гэх мэт "үндсэн төслүүдэд" анхаарлаа хандуулбал ирээдүйн хямралаас зайлсхийх боломжтой...

"Умардын урсгал 2" хий дамжуулах хоолой нь Украин, Польшийг тойрон ОХУ-аас Балтийн тэнгисээр дамжин Германы Любмин хүртэл 1200 км үргэлжилдэг. Хийн дамжуулах хоолойн барилгын ажил өнгөрсөн 9 дүгээр сарын 10 өдөр бүрэн дуусаад байна. Жилд 55 тэрбум шоо метр байгалийн хийг Европ руу дамжуулах хүчин чадал бүхий "Умардын урсгал-2" төсөл нь Европын холбооны зохицуулалтын “зөвшөөрлийг” хүлээж байна.

Гэвч Европарламентын зарим хууль тогтоогчид уг төслийн зөвшөөрлийг олгохоос эрс татгалзсаар байна. Харин зарим шинжээчид Европарламент Умардын урсгал-2 төслийн зөвшөөрлийг өгөх нь цаг хугацааны л асуудал хэмээн дүгнэж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Владимир Путин: Европыг эрчим хүчний хямралаас гаргах бүрэн боломжтой  
Үзсэн: 790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй