Шууд Chart

Гурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурна гэлээ

2021-10-26 16:08:55

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. “Ковид-19 цар тахлын эрсдэлийг  бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа ажлыг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа.

Халдвар авсан хүний тоог долоо хоног тутам харьцуулан гаргаж байгаа. Тодруулбал, 34-38 дахь долоо хоногт халдвар авсан хүний тоо тогтмол өсөж байсан бол 39-42 дахь долоо хоногт буурчээ. Өнгөрсөн долоо хоногт гэрийн хяналтад 23.233 хүн байсан бол өнөөдрийн байдлаар 19 мянган хүн байна. Эмнэлэгт хэвтэж байгаа нэн хүнд болон хүнд хүний тоо буурахгүй, орны эргэлт удаан байгааг хэлж байлаа.

Коронавирусний эсрэг дархлаажуулалтыг хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн. Тавдугаар сард суурин 120 цэг, явуулын 40 цэгээр өдөрт 15-22 мянган хүнийг вакцинд хамруулж байсан. 34 дэх долоо хоногоос нэмэлт тунгийн дархлаажуулалтын идэвх нэмэгдсэн бол аажмаар энэ идэвх буурч, өнгөрсөн буюу 42 дахь долоо хоногт өдөрт 1100 гаруй хүн нэмэлт тунд хамрагдаж байна.

Түүнчлэн сэргээн засах, тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхэд анхаарч ажиллаж байгаа аж. Өчигдрийн байдлаар нийслэлийн иргэдийн I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.4 хувь байна. Улирлын томуугийн вакциныг аравдугаар сард хийдэг байсан бол энэ жил есдүгээр сард хийсэн. 2-11 насны хүүхдүүдийг 99 хувь, жирэмсэн эхчүүдийг 96 хувьтай томуугийн вакцинд хамруулжээ.

150 резидэнт эмчийг шинээр хуваарилж, сургалтад хамруулж эхэлсэн байна. Өрхийн эмнэлгүүдэд камер байрлуулж, Шуурхай штабын нэгдсэн удирдлагын системтэй холбож, ачааллыг хянаж байгаа аж. Мөн урьдчилан сэргийлэх, голомтын болон маршрутын халдваргүйтгэлийг байнга хийж байгааг онцоллоо. Дархлаа сэргээх нэмэлт тун буюу гурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх тохиолдол буурч байгаа олон улсын жишгийг энэ үеэр зөвлөлийн гишүүд онцолж байлаа.


Гурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурна гэлээ   
Үзсэн: 1420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй