Шууд Chart

Д.Баярсайхан:Шилдэг аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлд гарахад хялбар, шуурхай болсон

2021-10-27 19:42:45

Санхүүгийн зохицуулах хороо хүртээмжтэй, олон тулгуурт санхүүгийн зах зээлийг бүрдүүлэх, эдийн засгийн өсөлт, хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр байна. Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан санхүү, хөрөнгийн зах зээлийг үе шаттайгаар хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллах тухай Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй өнөөдөр уулзаж санал солилцлоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан энэ үеэр “Хороо Үнэт цаасны бүртгэлийн журмаа олон улсын жишигт нийцүүлж хувьцаа болон компанийн бонд гэж бүтээгдэхүүний төрлөөр нь хоёр журам болгон ангилсан. Үүний нэг болох “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-аар Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран эрэмбэлсэн шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсан компанийн олон нийтэд санал болгон гаргаж буй бондыг хялбаршуулсан байдлаар Хороо бүртгэхээр болсон бөгөөд бонд гаргагч компани нь “Бонд гаргах хөтөлбөр” хэрэгжүүлэх замаар нэг удаа бүртгүүлсэн бондоо бүхэлд нь эсвэл хэсэгчлэн олон нийтэд санал болгож санхүүжилт татах давуу талыг бүрдүүлсэн.

Ингэснээр дотоодын шилдэг аж ахуйн нэгжүүд банкны өртөг өндөр зээлтэй харьцуулахад урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийг хөрөнгийн зах зээл дээрээс хялбар, түргэн шуурхай байдлаар татан төвлөрүүлж үйл ажиллагаандаа зарцуулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж бий болж цаашлаад дотоодын бондын зах зээлийн хөгжил олон улсын түвшинд хүрэхэд нөлөөлөхүйц бодлогын чухал алхам боллоо. Мөн Инновацийн тухай хуульд заасны дагуу гарааны компани биржийн бус зах зээл дээр хувьцаагаа олон нийтэд гаргахтай холбоотой нэмэлт зохицуулалтыг Хорооны “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-даа тусгаж оруулсан. Ингэснээр гарааны компаниуд биржийн бус зах зээлээр дамжуулан төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтаа үе шаттайгаар мэргэжлийн хөрөнгө оруулагчид, өндөр орлоготой эрсдэл даах чадвартай иргэдээс татан төвлөрүүлэх эрх зүйн зохицуулалтын орчинг анх удаа амжилттай бүрдүүлж чадсан” гэдгийг онцолсон юм.   

Харин МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Монгол Улсын эдийн засгийг хэрхэн тэлэх, шинэ сэргэлтийг хэрхэн  авчрах вэ гэдэг том зорилгын нэг чухал хэсэг бол яахын аргагүй санхүүгийн зах зээл юм. Харин санхүүгийн тэр дундаа хөрөнгийн зах зээл дээр сүүлийн жилүүдэд маш том өөрчлөлтүүд гарч хөгжиж байна. Иймд МҮХАҮТ-ын зүгээс төр хувийн хэвшлийн түншлэлийг улам хөгжүүлж, дүрэм, журмыг амьдралд нийцүүлэн боловсруулж батлуулахад бизнес эрхлэгчдийн саналыг тусгах, оролцоог хангах чиглэлд идэвхтэй хамтран ажиллана. Хөрөнгийн зах зээлийг гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээлттэй болгох зэрэг олон ажилд идэвхийлэн оролцоно” гэдгээ онцоллоо.


Д.Баярсайхан:Шилдэг аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлд гарахад хялбар, шуурхай болсон  
Үзсэн: 392 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй