Шууд Chart

Байкер болж үзсэн нэгэн өдрийн омогшил

2014-05-30 11:06:45

...Дайн бол аймшигтай үзэгдэл. Энд тэндгүй бөмбөг дэлбэрч, бууны сум шунгинаж, танк, нисэх онгоцны чимээ чих дүлийрэм. Хөрст дэлхий хөрвөөж, хүний амь гэдэг хумхийн тоос мэт үнэгүйдэж байх тэр аймшигтай орчинд үхэл амьдрал зэрэгцэж, цус устай холилдож, айдас эр зориг өрсөлдөж, хүний мөн чанар нь ямар ч гоёл зүүсгэлгүй цоо ил мэдрэгддэг гэдэг. Нэгэн хором дор сум, бөмбөгний хэлтэрхийд өртөн амь насаа алдах анд нөхөд, шархадсандаа ёолин амьд үлдчих гэсэн сүүлийн найдлага руугаа цусаа урсган байж зүтгэх дайчин, дэлбэрэх бөмбөгний сийчээнд орвонгоороо эргэн цацлах газар шороо. Энэ бүхнийг нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдэрсэн ямар ч хүн үхэн үхтлээ амар тайван байж үл чадна. Сэтгэл дотроосоо энэ аймшигт дүр зургийг арчиж хаях гээд ч үл чадан, цөхөрч шанална, унтах нойрондоо зүүдлэн цочиж сэрнэ, тэр тоолонгоороо тайван байж үл чадах хэцүү тавиландаа шаналж зовдог.

Дайнаас амьд үлдсэн хүмүүс энэ ертөнц хийгээд амьд байхын үнэ цэнэ, амьдрал дунд урсах цаг хугацааны утга учрыг жинхэнээр нь мэдэрдэг. Дайн хэмээх тэр аймшигт дүр зургийг сэтгэлээсээ арилгаж үл чадахдаа дарс залгилан мансуурдаг байж болох. Өөрсдийнх нь цус, нулимсаа урсган байж авчирсан энэ эрх чөлөөний үнэ цэнийг огт мэдэхгүй, дураар аашлан заримдаа "тэнэгтэх" залуусыг харахдаа тэднээс огт өөр байхыг хүсдэг байж мэдэх. Цусаа урсган байж авч үлдсэн эрх чөлөөгөө эдлэх гэж хаа нэгтээ салхи татуулан, байдаг хурдаараа давхихыг илүүд үздэг байж магад. Сахлаа ургуулан, нүдэндээ хар шил зүүн, элдэв этгээддүү загвар бүхий савхин хослолоор гангарч, энд тэндээ том том гинжин зүүсгэл унжуулж, сонин дүрслэл бүхий шивээсээ ил гарган, паржиганатал асах хүчит мотоциклээрээ салхи татуулан давхих байкеруудыг харах бүрдээ би ингэж л төсөөлж асан. Тэднийг заримдаа этгээд төрхөөр нь муугаар төсөөлөх авч, хүн болгон сэтгэлийнхээ гүнд омог бардам эрчүүд, жинхэнэ "мужик" хэмээн үнэлдэг юм. Тэд бусдаас нэг л  өөр.
 
Жил болгоны тавдугаар сарын сүүлчээр Америк орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэдэг "Memorial day" баярын өдрөөр АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо мотоцикльчдийн цугларалт болдог. Миний мэдэхийн АНУ-ын 3 ч мужид иймэрхүү том цугларалт болдгийн нэг нь энэ л дээ. Энэ өдрүүдэд Вашингтон ДС орчмын зочид буудлууд ачааллаа даахаа больж, гудамжаар л дүүрэн "Харлей Девидсон", "Чоппер", спорт загварын мотоциклууд хөлхөлдөж, уушын газрууд сүрлэг эрсийн чанга дуунд доргиж, хүмүүс сониучирхаж бахадсан харцаар харж, зарим нь патиараа хамтад татуулна. Харин албан ёсны жагсаалын өглөө мотоциклчид газар газраа цуглах авч, нэгдэж зохион байгуулалтад орох талбар нь Пентагоны зогсоолууд. Пентагоны эргэн тойрон дахь зогсоолуудыг дүүргэсэн хэдэн зуун мянган мотоциклийн зэрэг зэрэг хаазлах чимээ, өнөө цагийн дэлхийн хэмжээний олон дайн, хүчирхийллийг "зохион байгуулдаг" энэ байгууллагад дайны дуу чимээг мэдрүүлж, эсэргүүцлээ илэрхийлдэг байж болох юм гэж надад бодогдож билээ.
                                                                 
МОНГОЛ БАЙКЕРУУД
 
Вашингтон ДС орчимдоо "Харлей Ганаа" гэж нэрлэгдсэн А.Ганбат миний найз л даа. Аль ч талаас нь эргүүлж тойруулж харахад жинхэнэ "мужик". Ширвээ сахал, түхгэр цээж, шивээс, савхин хослол, том том гинжин зүүлтүүд, боломж гарах бүрт унаж давхидаг мотоциклууд нь түүнийг ийн нэрлэхэд хүргэсэн. Хамт суугаад ярих ярианы боломж бүрт мотоцикль руу яриагаа чиглүүлдэг болохоор, зөндөө олон удаа "буу халж" суудаг найзын хувьд, би нэг л мэдэх дор байкеруудыг сонирхдог болсон юм. Яагаав нөгөө шалгалтан дээрээ зөвхөн "бөөс" ний тухай тухай ярьдаг онигоо шиг... Тэгсээр байгаад мань эр мотоцикль болоод фитнес рүү цөөн биш залуусыг урвуулж амжсан. Вашингтон ДС орчимд шивээс хийдэг монгол залуу нилээд завгүй болсонд ч мань хүний нөлөө бий байх. Залуусыг "мужик" болох тал руу нь уруу татдаг гэх юм уу даа.
 
 
За тэгээд манай хотод Ганаагаас гадна Заагий гээд "шилийн сайн эр" шиг сүрлэг бадриун нэг эр бий. Дуу нь мотоцикльтэйгээ хамтад хүнгэнээд л... Хуягаа гээд турьхан нэг залуу бий, их элдэвтэй. Урт гоёмсог ногоон мотоцикль дээрээ суухаараа онгод нь хийморьтойгоо хамтад тэнгэрээс морилж ирдэг гэлтэй. Энэ 3 нийлж аваад л жил бүрийн энэ өдөр Америкийн байкеруудтай хамтад мотоциклчдийн жагсаалд Монгол Улсынхаа төрийн далбааг намируулан байж оролцдог юм. Бас эхнэрүүдээ өөрсөд шигээ "гоёж" аваад ардаа сундалчихна.Тэд дайнд оролцож, шархдаж зовж байгаагүй ч, морь унаж хөндий талд тоос босгон давхиж асан монгол хийморийн үргэлжлэл болохоороо хэрдээ энэ том ертөнцөд Монголоороо гоёж, Монголоороо гайхуулах нууцхан хүсэлтэй. Заримдаа нийлж аваад хаа нэгтээ арилж одно. "Хаа, ёстой нэг сайхан байлаа" гэж салхи дүүргэн залгилсан цээжээ түхэлзүүлэн байж дуу алдан, омогшлоо илэрхийлнэ. Мань мэт нь жаахан атаархангүйгаар харж "Тийм үү" гэж сулхан дэмжих.
 
Ганцхан манай хотод ийм "лаг" эрчүүд байдаг юм биш л дээ. Бараг хот болгонд ийм "лаг" залуус зөндөө бий. Энэ жил Чикаго хотоос "Эрийн хуйх" Чинбаа эхнэр хүүхдээ нохойтойгоо, бас уул шиг ханхар 4 найзаа эхнэр хүүхэдтэй нь хамтад дагуулан зорьж ирлээ. Тэдэнтэй уулзах гэж зорьж очсон Вашингтон ДС-ийн байкерчин залуус тэдний ямархан "үлгэр жишээ сайн аавууд" болохыг нь, нялх үрээ тэвэрч бүүвэйлэнгээ амжиж ажил хэргээ ярьж байхад нь нүд болоод сэтгэлээрээ мэдэрч итгэсэн. Залуу аав Хуягаа их гайхаж ажиглаад байсныг бодвол "санаа болоод туршлага" авсан буйз. Эхнэрүүдээ хүүхэдтэйгээ хамтад нь тэврээд явчихаар сүрлэг энэ залуус том автобус хөлөглөөд араас нь спорт загварын 4 мотоциклоо чургүүл дээр нь тавьж чирж ирснийг харах ахул, өөрсдийн хоббидоо хичнээн үнэнч болохыг шууд л ойлгов. За тэгээд тэдний өмссөн зүүснийх нь сүрлэг гоёыг яана. "Дэмбэрэл юм үзээгүй юм болохоор баярлаж л байна билээ" гэдэг шиг "юм үзээгүй" залуус бол дуу алдмаар. Чинбаа, Ганбаа, Мижгээ, Төрөө нар энэ жил найзуудаа зорьж ирэхдээ "мужик"-ууд уулзаж, ахан дүүс болох хэрэгтэй гэж "холыг" бодсон юм билээ. "Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ" гэдэг үг бий дээ.
                                              
"НУРУУГААР ХОРХОЙ ГҮЙХ ШИГ" МЭДРЭМЖ
 
Тэр өдрийн өглөөний 7 цагт манай гадаа тэнгэр нүргэлэм дуутай 10 мотоцикльтэй залуус ирж зогсох хичнээн сайхан байсан гээч. Найзууддаа амалсан болохоор 7 хоногийн өмнөөс сахлаа ургуулж, соёмботой цамц, савхин жакет эгэлдэргэлж, толгойдоо алчуур зангидан, шинэхэн байкер төрхөнд орсон миний бие, өөрөө мотоцикль унаж сураагүй болохоор Төгсөөгийн ард нь сундлаад гарч өгөв дөө. Өглөө нь "шинэков" харагдаж байсан намайг өдөр дунд "дажгүй", харин орой бол "архаг" байкерчин болсон байна гэж тэд магтсаныг энэ дашрамд дурдахгүй бол ёстой алдас болно. Өнгөрсөн жил 4 мотоцикльчин энэ жагсаалд оролцож байсан бол, энэ жил Чикагогоос Чинбаа, Мижгээ, Ганбаа, Төрөө, Вашингтон ДС -ээс Ганаа, Заагий, Хуягаа, Баяраа, Төгсөө, Наабаа нар гээд 10 залуус, уламжлал ёсоор Ганаа, Заагий, Баяраа, Мижгээ нарын эхнэрүүд нь сундалж оролцов. Уг нь бараг хагас жилийн өмнөөс ярилцаж тохиролцсон, Монголоос ирж оролцох 10 мотоцикльчид визинд орох дугаар нь хугацаандаа олдоогүй болохоор амжаагүй нь жаахан харамсалтай. Тэд ирсэн бол "ёстой алаад хаяхгүй юу" гэж бид харамсангүйгаар ярилцлаа. Гэхдээ "юм ганцаар дуусдаггүй", бас "дараа удаагийн наадам байна" хэмээн тайвшрав.
Хамгийн урд талд нь Ганбаа маань мотоцикль дээрээ Монгол Америкийн төрийн далбааг залж, араас нь 9 мотоцикль нэг цуваагаар явахад ямар сүрлэг байсан гээч. Бид эхлээд Patriot center дээр очин жагсаалын дараалалдаа орцгоолоо. Зах хязгаар нь харагдахгүй мотоцикльчдийн цуваа, нэгэн зэрэг хаазлахад чихний хэнгэрэг хагалах шахам сонсогдох нүргэлсэн чимээ, хэнийг нь ч ялгаж харахын аргагүй этгээд хэрнээ ижил гангараа, бахархаж хармаар сүрлэг залуус гээд төсөөлөөд бод доо. Memorial day баяраар болдог энэ цугларалтад 500 000-800 000 мотоцикльчид оролцдог гэсэн албан мэдээлэл бий. Бид анх сонсоод "Үгүй байлгүй дээ, тийм олон гэж үү? 80 000 байлгүй дээ" гэж итгэхгүй дуу алдаж байсныг бодвол энэ их том тоон дунд "үсэг шиг" л цохиж явлаа. Бидний танил Бачка маань 4 настай хүүгээ яг л байкер шиг хувцаслаад, тоглоомын зориулалттай "Харлей Девидсон" мотоцикль унуулж бидэн дээр ирсэн нь, бяцхан Цэнгэл хүүг тэр өдөр жинхэнэ "ОД" болгосон доо. Хүмүүс Цэнгэл хүү дээр шавж, энд тэндгүй зургийн аппаратууд гялсхийж, хүмүүс өхөөрдөн сонирхож байхад, тэрээр аль хэдийн "Од" гэдгээ мэдэрсэн янзтай хээв нэг байх нь өхөөрдөлтэй.
 
Patriot Center-ээс цуваа хөдөлж 50-р замаас 66-р зам руу шилжиж Пентагоны зогсоол хүрэх зам зуур хүмүүс замын хажуугаар зогсон бас, гүүрэн дээрээс хашгиралдан баяр хүргэж, Америкийн төрийн далбаагаар даллах. Цэргийнхэн болон ахмад дайчид хүндэтгэлтэйгээр ёсолж зогсон, цагдаа нар бидний явах замуудыг хааж хамгаалан хүндэлж өнгөрүүлнэ. Хүн болгоны хүндэтгэл бахархал дундуур ингэж явахад омогшил төрж, урд намирах Монголынхоо далбааг харахдаа самсаа шархирч, цээж өөд огшил алгуурханаар түрэх мэт. Сүүлд нь би тэднээс "юу мэдрэгдэв?" гэж асуухад, Хуягаа хамгийн түрүүнд "нуруугаар нэг хорхой гүйх шиг болсон" гэж хэлнэ билээ. Цээжний гүнээс дээшлэх, бас нуруугаар хорхой гуйх шиг тэр мэдрэмжийн төлөө нэгэн өдөр наранд шаруулан өнжихөд яахав дээ? гэж бодогдож байсан шүү. Бараг 2 цагийн дараа Пентагоноос бүх мотоцикль зэрэг хөдлөн нэгэн цуваагаар Вашингтон ДС руу орж Ерөнхийлэгчийн "Цагаан ордон", Конгрессийн "Капитол" ордон хийгээд бусад хүндэтгэлт газруудын хажуугаар явж өнгөрөхөд мөнөөх үл мэдэгдэх хорхой цээж, нуруугаар жирвэгнүүлэн гүйсээр л асан.
 
 
Энэ олон зуун мянган мотоцикль дунд Монголын төрийн далбаагаа намируулан 10 монгол залуус нэг эгнээнд явж байхад төрж байсан мэдрэмжийг дүрслэхэд ч амаргүй. Энэ дэлхийн хаа ч явсан монгол залуус нэг л омогшингүй. Алив зүйлийн түрүүнд явж байх хүсэл нь нүүдэлчин цустай нь холбоотой ч байж болох. Жагсаал дуусахад тэд нэгэн дуугаар "Монголын элчин дээрээ очиж зургаа авахуулчихаад явцгаая" гэж хэлэх нь мөнөөх л монгол омогшлын үргэлжлэл. Монгол хүн, монгол морь хоёр хэзээд нутгаадаа гүйх бардамналынх нь илрэл. Сэтгэл нь өөрийн "дошин дээрээ" очиж тайтгардаг заншил. Эрчүүдийн заншил ёсоор дараа нь бүгдээрээ Ч.Ганболдынд очиж хамтдаа наргиж суув. Омогшлоо зөөллөж дарах гэж сархад залгилалгүйгээр пиво шимж, мах шарж идэнгээ элдэв яриа өрнүүлэв. Чинбаа маань хүн болгонд нэг нэг чинжүү өгч "Ах дүү нар шиг нөхөрлөлийн төлөө идэцгээе" хэмээн уриалсан. Эхэндээ хэнэггүй зажилсан чинжүү, дараа нь ам хамар дарвигнуулан нус нулимсандаа хутгалдаж бүгдээрээ л алингаа алдав. "Яаж байгаа юм бэ?" гэж дуу алдахад "Амьдрал бол яг л чинжүү шиг юм. Уйлж баярлаж явахдаа нэг л ах дүү шиг байцгаая" гэж мөнөөх Чинбаа хээв нэг тайлбарладаг юм даа. Уйлах хэцүү, инээх бүр ч хэцүү. Тэд ийм л залуус.
 
НАДАД ТӨРСӨН МЭДРЭМЖ
 
...Мотоцикльтэй жагсаал Вашингтон ДС руу орох замын яг голд нь Вьетнамын дайнд оролцож хоёр хөлнөөсөө салсан ахмад дайчин эр тэргэнцэр дээр ёслон зогсч, түүний чанх ард Америкийн Марины армийн залуу дайчин хүндэтгэлтэйгээр ёслон зогсч байгаа нь нүдэнд содон харагдав. Анх Вьетнамын дайнд оролцсон ахмад дайчдыг хүндэтгэн дурсаж, дайныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж эхэлж байсан энэхүү цугларалтад энэ жил АНУ-ын 50 мужаас 1,6 сая орчим хүмүүс, 800 000 орчим мотоцикльтэй ирж оролцсон тухай албан ёсны мэдээлэл гарсан байна билээ. Жил болгон Австрали, Канадаас мотоцикльчид ирж оролцдог уламжлал дээр нь монгол залуусын оролцоо нэмэгдэн, өргөжиж байгаа нь Ази тивийн том төлөөлөл болж байгаа болов уу? Нэг их анзаарагдаж гайхагдахгүй байгаа хэдий ч, би үүнийг монгол залуусын хөгжил дэвшил, эрчүүдийн сайхан нөхөрлөлийн эхлэл, адил төст сонирхлоороо нэгдэх их нэгдлийн түүчээ хэмээн харж бэлэгшээж байна. Ирэх жил бүр олон монгол залуус нэгдэх байхаа.
 
Манай хошин шогийнхон марзганан шоолсоор алдагдаж одсон монгол эрчүүдийн нэр хүндийг сэргээж, тэднийг харах харц, үнэлэх үнэлэмжийг ийм залуус өргөж яваа. Этгээд хувцсандаа ч биш, түүний цаана омогшиж байгаа зүрх сэтгэлийг мэдэрч чадвал бахархал төрмөөр. Юун солонгос сериал, юун хошин шог. "Уба" гаараа дуудуулж, эр эм нь мэдэгдэхгүй хувцаслаж, хүчтэй салхинд ч хийсч одохоор туялзаж, нүүр амаа даран аалигүйтэж марзганах өнөөгийн зарим залуусаас шал өөр залуус бий болж байнаа. Морин дэл дээр дарцаглан хийсч, эрчлэх дөрвөн туурайн дээр "Эр бор харцага"-ыг аялан исгэрч, тэнгэрээс буух хийморийг эмээл дээрээ тогтоож, тэртээх алсын уулс дунд сэтгэл оюунаа билчээх монгол эрсийн удам, холын Америкт ийнхүү хийморио сэргээж явна. Эмээлт морины давхил дунд, энэ цагийн моторт хүлгийн хурдан дунд эрх чөлөөгөө мэдэрч, "эр хүн шиг эрвэлзэж, эмээлт морь шиг дэрвэлзэх" тавилан эр хүн болгон тохиох бил үү?
 
 
Memorial day - н энэ баярын өдөр болдог энэ уламжлалт арга хэмжээг ингэж дэмжиж, сайнаар зохион байгуулж байгааг анзаараад бахархах сэтгэл төрсөн. Мотоцикль болоод байкерууддаа гол нь биш, тэднээр дамжуулж хүмүүст үндэсний бахархал, омогшил төрүүлж байгаа нь сайхан санагдсан. Маргааш нь энэ тухай бодож суухдаа унах морь, өмсөх дээл хувцастай байж монголчууд бид яагаад ийм зүйлийг санаачилж хийж болдоггүй юм бол хэмээн сүүрс алдлаа. Элдэв марзан зүйл сэтгэж "Гиннесийн ном"-онд бичигдэх дуртай хүмүүс монголчуудынхаа омогшил бардамналыг сэргээхийн тулд "Морьтон монголчууд" өдрийг зохион байгуулж болно. Жилдээ нэгэн өдөр сайхан морьд унаж, монгол үндэсний дээл хувцсаа өмссөн залуус хэдэн зуун мянгаараа жагсаж ид хав, хийморио бадруулбал юутай сайхан байх бол? Мориор давхиад туулж барамгүй уудам тал нутагтай, хөндий хөндийг дүүргэх адуун сүрэгтэй, унаж, булгиулж өссөн хийморьлог залуустай , сүлдэндээ морио дээдэлсэн ард түмэн энэ дэлхийн дайдад тийм олон бил үү? Хийморио сэргээх гэж гал тахиж, улсаа хөгжүүлэх гэж бөөлж, мөнгө олох гэж хэтэвчээ даллан хурайлж  байснаас хамаагүй утга учиртай зүйл болно доо.
 
За даа "Үг олдож, үхэр холдож" байх шиг байна. Хийморьлог сайхан залуустай нэгэн өдөр хамтдаа байж, тэдний нуруугаар хорхой  гүйх шиг мэдрэмжийг цээж өөдөө огшуулан, самсаагаа шархируулан байж мэдэрсэн нэгэн өдөр сайхан байлаа. Түүнийгээ та нартай хуваалцах гэсэн минь энэ.         
 
                                        МОНГОЛ ЭРСИЙН ХИЙМОРЬ ЛУНДАА ЯМАГТ ӨӨДӨӨ БАДАРЧ БАЙГ.

                                                                                                                                              Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

 


Байкер болж үзсэн нэгэн өдрийн омогшил  
Үзсэн: 4462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-05-30 15:41
Сайхан нийтлэл бнаа
202.131.226.xxx [202.131.226.xxx] 2014-05-30 11:25
Омогшил гэдэг нь уурсах гэсэн үг юм.

Бидэнтэй нэгдээрэй