Шууд Chart

“ABU-GENERAL ASSEMBLY-2025”: Радиогийн салбарын шилдэг бүтээлүүдийн эзэд тодорлоо

2025-09-14 23:03:55

“ABU PRIZES-2025” уралдаанд энэ жил Ази Номхон Далайн орнуудаас нийт 318 бүтээл ирснээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, шагналыг гардууллаа. Сүүлийн шатны шалгаруулалтад Хятад CMG, Японы NHK, Австралийн ABC, Италийн RAI, Ираны IRIB, Солонгосын KBS, Энэтхэгийн Radio India, Индонезийн RRI, Малайзын RTМ, Туркийн TRT, Вьетнамын VOV зэрэг Ази, Номхон далайн орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл шүүгчдийн бүрэлдэхүүнд орж ажиллажээ. Шүүлтийг явуулахдаа бүтээл тус бүрийн сэдэв, агуулга, ач холбогдол, хэлбэр хийц, уншилт, дуу шум ашигласан байдал зэргийг харгалзан үзэж нууцаар санал хурааж 0-10 оноо өгч, нэгтгэсний дүнд шилдэг бүтээлийг тодруулсан байна.

“ABU PRIZE-2025” уралдааны радиогийн салбарын шилдэг бүтээлүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

“2025 ОНЫ РАДИОГИЙН ШИЛДЭГ ЖҮЖИГ”-ээр Японы NHK Радиогийн бүтээл – “Beautiful Shoes” буюу “Сайхан гутал” жүжиг. 'Beautiful Shoes' буюу “Үзэсгэлэнт Гутал” бүтээл нь хуурамч гутлын асуудлыг өвөрмөц өнцгөөс, сэтгэл хөдөлгөм байдлаар өгүүлсэн жүжиг юм. Өв уламжлагдан ирсэн нэр хүндтэй, чанартай гутлын худалдааны дэлгүүр өндөр үнээсээ болоод худалдан авагчдаа алдаж байсан тул дэлгүүрийн эзний охин гоё боловч хуурамч, хямд үнэтэй гутал захиалж бизнесээ аврахыг хичээж байгаа тухай өгүүлдэг.

Тус жүжиг нэр төр, үнэ цэн, бахархал, бизнесийн ертөнцөд амьд үлдэхийн төлөө тэмцэл зэрэг тухай гүн эргэцүүлэл төрүүлсэн бүтээл. Энэ бүтээл нь уран өгүүлэмжээрээ сонсогчдыг анхаарлыг татахын зэрэгцээ нарийн мэдрэмжтэй, сэтгэл хөдлөм гүн утгыг илэрхийлсэн, дууны шийдэл нь өгүүлэмжтэйгээ төгс нийцсэн, жүжиглэлт болон эффектүүд нь сонсогчдыг жүжигт бүрэн автуулж чадсан гэж шүүгчид үнэлж шилдгээр шалгаруулсан байна.

“2025 ОНЫ РАДИОГИЙН ШИЛДЭГ ПОДКАСТ”-аар

Австралийн ABC Корпорацийн бүтээл – “The Last Voyage of the Rainbow Warrior” буюу “Солонгон дайчдын сүүлчийн аялал” бүтээл.
Энэхүү подкаст нь өгүүлэмжийн өндөр ур чадварыг харуулж, эхний мөчөөсөө л сонсогчдыг соронзон мэт татсан өгүүллэгийн арга барил, зөв хэмнэлтэй өрнөлөөрөө онцгойрлоо. Энэхүү бүтээл нь Green peace (Грийнпийс) хөлөг онгоцны Окландын боомт дахь сүүлчийн даалгаврыг бодит баримттай, хүчирхэг байдлаар хүргэж, цаашлаад Маршаллын арлуудад болсон цөмийн туршилтын үр дагаврыг харуулж чадсан байна. Дууны шийдэл нь энгийн боловч хөгжмийн шилжилтүүд болон уншилтын дуу хоолойн өвөрмөц байдал, чадварлаг тоглолт зэрэг нь бүтээлийн чанарт чухал хувь нэмэр оруулжээ. Хүнд сэдвийг ухаалаг, баримттайгаар сонсогчдод хүргэж чадсан, бүхэлдээ нийлэмж сайтайн дээр үл анзаарагддаг асуудлыг шударгаар, хүчтэйгээр ил гаргаж чадсан гэсэн үнэлгээг шүүгчид өгсөн байна.

“2025 ОНЫ РАДИОГИЙН ШИЛДЭГ БАРИМТАТ НЭВТРҮҮЛГИЙН БҮТЭЭЛ”-ээр

Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Өргөн Нэвтрүүлгийн Алба (IRIB) – “Silent Teacher” буюу “Чимээгүй багш” бүтээл.
Энэхүү баримтат бүтээл нь Исламын уламжлалт соёлын хувьд эмзэг сэдэв болох эрхтний донорын хандивлах асуудлыг нарийн мэдрэмж, өндөр хариуцлагаар авч үзсэн, сэтгэл хөдөлгөм, зоримог бүтээл болсон гэж үзэж шилдгээр шалгаруулжээ. Эргэцүүлсэн өгүүлэмжээр дамжуулан уламжлалт шашны итгэл үнэмшил болон орчин үеийн анагаах ухааны бодит байдал хоёрын хоорондын холбоосыг гаргасан чадварлаг бүтээл болсон байна. Энэ бүтээл нь сонсогчдыг ухамсарт гүнзгий шингэсэн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчилж орчин үеийн шинжлэх ухааны дэвшлийг эргэцүүлж үзэхийг уриалсан нэвтрүүлэг болсон гэж үзжээ.

“2025 ОНЫ РАДИОГИЙН ШИЛДЭГ МЭДЭЭ СУРВАЛЖИЛГЫН БҮТЭЭЛ”-ээр

Бүгд Найрамдах Индонез Улсын Радио (RRI) – 'Water Ambulance, A Glimpse into The Battle Kampung Laut Been Through' -“Усны түргэн тусламж: Кампунг Лаутын туулж буй тэмцэл” бүтээл.

Энэхүү мэдээ нь Индонезийн алслагдсан бүс нутгуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад тулгарч буй бэрхшээл, сорилтыг олон нийтийн анхаарлын төвд хүргэж чадсан шилдэг сурвалжилга юм. Сэтгүүлч усны түргэн тусламжийн завин дээрээс бодитоор сурвалжилсан шийдэл нь алслагдсан нутгийн иргэдэд өдөр тутамд тулгарч буй туйлын хүнд нөхцөлийг тодорхой илэрхийлэхийн зэрэгцээ тухайн нөхцөл байдлын мэдрэмжийг сонсогчдод бодитоор хүргэж чадсан. Шууд сурвалжилгад ажилладаг олон мянган сэтгүүлчдэд урам зориг өгөхүйц шилдэг сурвалжилга болсон гэж шүүгчид дүгнэжээ.

 “2025 ОНЫ РАДИОГИЙН ШИЛДЭГ НИЙГМИЙН ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ БҮТЭЭЛ”-ээр

Вьетнамын Дуу Хоолой Радио (VOV) – The Bitterness of Belated Regret' - “Хожимдсон гэмшлийн гашуун үнэн” бүтээл.

Энэхүү бүтээл нь Вьетнамын нийгэмд гарч байгаа хүүхдийн гэрлэлтийн асуудлыг тун тодорхой, итгэл үнэмшилтэйгээр хөндөж, хүчтэй бөгөөд сэтгэл хөдөлгөхүйц байдлаар олон нийтэд хүрсэн хүүхдийн эрхийг хамгаалах нийгмийн зар сурталчилгаа болж чаджээ. Драмын арга барилыг оновчтой ашигласнаар хүүхдүүд болон эцэг эхчүүдийн сэтгэл зүйн зовлон шаналлыг гүн мэдрүүлж, хүүхдийг балчир насанд нь гэрлүүлэхүй байх уриалгаар үндсэн санаагаа улам бататган хүргэсэн байна. Мэргэжлийн өндөр түвшний дуугаралт, дууны оновчтой шийдэл нь бүтээлийг сонсогчдод хүчтэй, мартагдахааргүй сэтгэгдэл төрүүлэхүйц болгож чадсан гэж дүгнэжээ.

“2025 ОНЫ РАДИОГИЙН ШУУД НЭВТРҮҮЛГИЙН ХӨТЛӨГЧИЙН ШИЛДЭГ ХӨТӨЛБӨР” –өөр

Хятадын Медиа Групп – Хятадын Үндэсний Радио (CMG–CNR)- “Love in the Airwaves: My Storyteling Journey on "Little Trumpet" буюу “Радио долгион: Бяцхан бүрээ аяллын тэмдэглэл” бүтээл.

Энэхүү бүтээл нь радиогийн хөтлөгчийн ур чадварыг төгс илэрхийлсэн гайхалтай хөтөлбөр бөгөөд хөтлөгч Жэн Жинь-ийн радиогийн хүүхдийн нэвтрүүлэгт 30 жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан зүтгэлийг сонсогчдод хүргэж чадсан шилдэг бүтээл болжээ. Түүний халуун дулаан, итгэл төрүүлэх дуу хоолой, сонсогч хүүхдүүдээ гүн гүнзгий ойлгодог чанар нь олон хүүхдүүдийн үнэнч найз, хүүхэд-эцэг эхчүүдийн үнэ цэнтэй гүүр болжээ. Уг бүтээлийн өгүүлэмж нь сэтгэл татам сэтгэл хөдлөлөөр дүүрэн бөгөөд нарийн мэдрэмжтэй найруулга, оновчтой хөгжмийн сонголт, хүүхдүүдийн баяр хөөртэй хоолойгоор баяжсан гэж шүүгчид дүгнэсэн байна.

“ABU-ИЙН ХЭТИЙН ТӨЛӨВ НОМИНАЦИ”-ийн эзнээр

Хятадын China Media Group- (CMG-CNR)-ийн бүтээл Three Fateful Encounters' – Хувь заяаны гурван хэлхээс” бүтээл

Энэ бол урам зоригтой түүхийг өгүүлдэг ер бусын, сэтгэл хөдлөлийн бүтээл юм. Доктор Гуо Сяопин болон ХДХВ-ийн халдвартай залуу өвчтөнүүдийн тухай ер бусын, сэтгэл хөдөлгөм түүх өгүүлсэн бүтээл шилдгээр шалгарлаа. Бүтээлд ялгаварлан гадуурхалт, зовлон бэрхшээлийг даван туулж буй охин, түүнийг олон жилийн турш уйгагүй дэмжиж байгаа доктор болон багш, охин том болоод өөрөө багш болж зовлон нэгт бусад хүүхдүүдэд хэрхэн урам зориг өгч буй бодит түүхийг өгүүлсэн гайхалтай бүтээл болж чадсан байна. Бүтээлд энэрэн нигүүлсэхүйн хүч, тэсвэр тэвчээр, итгэл найдварыг чадварлагаар дүрсэлжээ.

 


“ABU-GENERAL ASSEMBLY-2025”: Радиогийн салбарын шилдэг бүтээлүүдийн эзэд тодорлоо  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй