Шууд Chart

Монгол Улсын төлөөлөгчид Интерполын ерөнхий ассамблейн 89 дүгээр чуулганд оролцлоо

2021-11-27 12:14:07

Гурав хоног үргэлжилсэн энэхүү олон улсын арга хэмжээнд 160 орчим улс орны цагдаа, хууль сахиулах байгууллагуудын 470 төлөөлөгчид оролцсон юм. Монгол Улсыг төлөөлж Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал болон Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд нар тус чуулганд оролцов.

Энэ удаагийн чуулганаар терроризм болон үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээрх хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлуудыг голчлон хэлэлцсэн бөгөөд хууль сахиулах байгууллагуудын хооронд шуурхай мэдээлэл солилцож ажиллах цахим системийг өргөжүүлэх, үндэстэн дамнасан цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Интерполын цахим сүлжээ, мэдээллийн санг үр дүнтэй ашиглах болон хүүхдийг цахим орчин дахь бэлгийн мөлжлөгөөс хамгаалах зэрэг асуудлуудаар холбогдох тогтоолуудын төслийг хэлэлцэж баталлаа. Чуулганы үеэр манай төлөөлөгчид ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Энэтхэг, БНЧУ, Беларусь зэрэг улс орнуудын төлөөлөгчидтэй ажлын уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлуудаар мэдээлэл, санал солилцсон юм.

Дээрх чуулганы үеэр Интерполын гүйцэтгэх хорооны сонгууль явагдаж Арабын Нэгдсэн Эмират Улсын нэр дэвшигч Ахмед Нассер Аль Раиси Интерполын Ерөнхийлөгчөөр сонгогдов. Мөн Микронезын холбооны улсын гишүүнээр элсэх хүсэлтийг хэлэлцэн баталж, Интерполын 195 дахь гишүүн орноор эгнээндээ нэгтгэв. Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Юрген Шток чуулганыг хааж хэлсэн үгэндээ: "Манай байгууллагын 195 гишүүн орны цагдаа, хууль сахиулах байгууллагуудын хувьд үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх хамгийн гол арга зам нь олон улсын хамтын ажиллагаа бөгөөд Интерполын зүгээс тухайн чиглэлээр шаардлагатай бүхий л туслалцаа, дэмжлэгийг үзүүлж ажиллах болно" гэж онцлон тэмдэглэлээ.


Монгол Улсын төлөөлөгчид Интерполын ерөнхий ассамблейн 89 дүгээр чуулганд оролцлоо  
Үзсэн: 685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй