Шууд Chart

ГХЯ: БНХАУ-ын Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав

2021-11-29 15:19:25

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч уулзан, Замын-Үүд-Эрээн боомтын үйл ажиллагааны талаар ярилцав.

Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх шуурхай штабаас гаргасан Эрээн боомтоор чингэлэгт ачаагүй импорт, экспортын бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэрийн талаар Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тодруулахад Элчин сайд Чай Вэньруй энэ талаар албан ёсоор мэдээлэл аваагүй байна гээд, төвийн болон орон нутгийн байгууллагуудаасаа мэдээлэл авч шуурхай хариу өгөхөө илэрхийлэв.

Сүүлийн өдрүүдэд ӨМӨЗО-ны Манжуур хотод ковид 19-ийн тохиолдол олноор бүртгэгдсэн, дэлхийн зарим улсад вирусын шинэ хувилбар илэрсэнтэй холбогдуулан БНХАУ-ын холбогдох байгууллагууд урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллыг сайжруулах арга хэмжээ авч буйг Элчин сайд тэмдэглэв.

Төрийн нарийн бичгийн дарга, Элчин сайд нар Замын-Үүд-Эрээн боомт хоорондын ачаа тээвэрлэлтийг чингэлэг солилцох байдлаар зохион байгуулах хоёр талын бэлтгэл ажлын явцын талаар санал солилцож, тээвэрлэлтийг аль болох эрт эхлүүлэхээр хоёр талын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийлэв.


ГХЯ: БНХАУ-ын Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав  
Үзсэн: 677 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй