Шууд Chart

Yes nuclear, no argal power

2013-07-18 15:13:17

Өнгөрсөн хавраас эхлээд твиттэр, фэйсбүүк, сайт нээх бүрт л урдаас ногоон экстрэмистүүд хэзээ ч юм, 20  жилийн дараа ч юм уу баригдах монголын цөмийн станцын хаягдлыг хаана булах, эсвэл хэзээ ч юм баяжуулах ураныхаа үлдэгдийг буцааж авахыг эсэргүүцэн мянга түмэн захиа занаа бичиж тараах болжээ. Халит харахад нэг л их ухаантай, ирээдүйгээс ирсэн гэгээнтэнүүд мэт. Харин лавхан санавал монголыг хөгжүүлэхгүй аргал түлж цай чанадаг, лаа асааж гэрэл гаргадаг бүдүүлэг буурайгаар үлдээхийг санаархагчид мэт.

21-р зуун аль хэдий нь цөмийн байтугай анти материйн эрчим хүчний тухай ярьж, хүнийг хувилах эс хувилах нь техникийн биш гүн ухаан талаасаа л саатан, өдөртөө л өмнөх бүх үеийн хүн төрөлхтөний бүтээсэн хэмжээний нээлтүүд гарч байхад чулуун зэвсгийн үеийн үхрийн хатсан баасан түлш, бөх барилдах мэх, морь уургалах аргаа магтан дуулан суух нь ямар ёр вэ? Хамгийн багаар бодоход л цөмийн зэвсэгтэй, технологитой их ууртай түрэмгий 2 хөршийн дунд аргал түлсэн түлшээ магтаж суугаа ядуу эр эмийг гэгээрсэн ухаантанууд гэх үү арчаагаа алдсан эртний амьтадын үлдэгдэл зоопарк гэх үү?

Үнэхээр л тийм их ногоон зүрхтэй, ногоон сэтгэлтэй юм бол ядаж л Заамар, Бороо, Шарын гол, Хөвсгөлийн уулс, Хангайн нуруу,уул ус голыг нь нүдэн дээр нь устгаж байгаа ирээдүйн биш өнөө цагийн аюул, дайсантайгаа шууд тулан зогсоодоггүй юм болов уу. Эсвэл аль 60-д онд баруунд моодноос гарсан `no nuclear` билэгдэл өдийд л монголд ирэв үү? Бүр муугаар нь бодвол Монголыг үеийн үед аргал түүж лаа асаасан агуйн хүнээр нь үлдээхийг хүссэн дайснуудын явуулга уу?

2001 онд жибэнд хамт ажиллаж байсан серби эмч нар америкийн Б-2 үл үзэгдэгч бөмбөгдөгчийг Белградийн гудамжнаас Ака-р буудах гэж оролдож байсан тухайгаа яг л шоргоолжны үүрэн дээр хүн шээж байгаа мэт аймшигтай технологийн ялгаа байсан гэж чичирч хорсон ярьж байж билээ. Бид ч гэсэн шоргоолж мэт шээлгэхгүйн тулд ядаж байгаа уранаа олборлоод, баяжуулаад, болдогсон бол бүр цөмийн цахилгаан станц барьчихаад харин дараа нь тэр сурсан мэдсэн, чадсан технологио яаж ухаантай, болгоомжтой хэрэглэхээ, эсвэл бүр зогсоож дараагийн төвшиний технологируу дэвшихээ яриж байхсан. Яг л Таван Толгойн ганц хүрзийг нь гаргаж ирээгүй, зөөгөөгүй, зараагүй нүүрснийхээ мөнгийг булаалдаж, хэрэлдэж, хараалдаж байгаа шигээ, хаана ч байгаа нь мэдэгдэхгүй баяжуулах үйлдвэр, хэзээ ч арабуудад зараад хаягдал болохоор нь авч ч магадгүй, авахгүй ч байж магадгүй түлшний төлөө өндөр боловсролт ногоон ухаант толгойныхоо хайран бүтээх цагийг дэмий их үрж байх шиг.

Тун саяхныг болтол хүний зүйл үнэхээр л биологийн зүйл ёсоороо байгалийн шалгаралын хуулиар шигшигдэн хувьсаж ирсэн. Гэвч ойрмогхоноос хүний зүйлд тэр хууль үйлчлэхээ больсон. Оронд нь технологийн шалгаралын хууль үйлчилж хэн сайн технологитой нь ялж, амьд үлдэж эсвэл илүү хөгжих болсон. Мунхаг би вээр тэр бүү хэл хомо сапиенсийн 2 дэд зүйл бий болсон гэж санадаг. Эхнийх нь high tech бүтээгчид, дараагийнх нь зөвхөн хэрэглэгчид. Эхнийх нь гар утас бүтээнэ, дараагийнх нь тэрүүгээр нь зөвхөн ярьна. Бүр гайхах ч үгүй. Америк, Япон, Герман, Солонгос, одоо дээр нь Хятад хүн хийлгүй яахвэ л гэж бодно.

Хүний энэ 2 дэд зүйл асар богино хугацаанд байгалийн биш технологийн хурдаар салан холдож байна. 2 дахь бүлэгт орогсод 1 дэх бүлэгээ ялан дийлэх нь бүү хэл бараа турууг нь ч харах аргагүй хоцорч байна. Өнөөдөр Сомалид аяга ус атга будаа олох гээд амьтнаас доор өлбөрч байгаа хүнийг, Швейцарит анти матери бий болгон шинэ ертөнц бүтээж байгаа эрдэмтэнтэй биологийн нэгэн зүйл гэж хэлэх тун хэцүү. Харахадхүртэл өөр өөр. Идэх хоол, бодох бодол, таашаал дүргүйцэл хүрэх сэдэл нь хүртэл дэндүү хол. Тэрний оронд хонь чоно 2-г нэгэн зүйлийн амьтан гэвэл арай илүү бодитой.

Хүний 2 дэд зүйл бодит болсон. Бид харин алинд нь орох бол гэдэг л сонин сайхан асуулт мөн. Бид бас ч бүр найдваргүй аргалын гал, лаа, сур элдэхтэйгээ хамт агуй шугуйд хаягдчихаагүй байна. Монгол эртнээсээ ухаалаг хүчирхэг угсаатан байсан. Тэгж хүний адагт үлдэх ёс ч байхгүй. Тийм учраас 300 жилийн уруудал доройтлоосоо дөнгөж хагас сэрж байгаа ч гэсэн Монголд 1-р дэд зүйлд орж болох эхлэлүүд байна. Дэлхий даяар тарсан генетик, биотехнологи, IT мэргэжилтнүүд, тэр бүү хэл цөмийн ба онолын физикчид, гайгүй математикчууд хүртэл хэдэн зуугаараа байна. Тэднээс монголдоо ирээд морин тэрэг жолоодоод явж байгаа нь ч байна. Тэд л Монголын найдвар, ирээдүй. Тэднийгээ хэрэглээд HIGH TECH хүний дэд зүйл рүү дөхөж чадвал тэр л монгол угсаатны ирээдүй. Эсвэл хэзээ нэгэн цагт Азийн Сомали царайлаад цөмийн технологитой хөршүүдийнхээ монголоор дайрсан ачаа барааг нум сум, акагаар зэвсэглэн булааж идэж инээд өхөөрдлийг нь хүргэх гутамшигт ирээдүй гарцаа байхгүй. Би хувьдаа хүний түүхийн бичигдэж үлдсэн бүх үед хүчтэй сэтгэлтэй, ухаалаг явсан угсаатны удам тул монгол хүн чадна гэж бат итгэдэг.

Тиймээс энд тэнд эрдэм ном олсон ногоон шар нөхөд маань биднийг аргал, нүүрсний агуйн үе рүү бүү уруу татаасай гэж хүснэ. Харин ч HIGH TECHхөгжил рүү төр засагаа уриалан үлгэрлэн залаасай гэж хүснэ. (нээрээ тэр гэрман, жибэндээ сурсан юм байдаг л юм бол) Атомтай хөршүүдийн дунд аргалын галтай үлдэхгүйн тулд, хүний доод дэд зүйл болон хомо сапиенсийн модноос мухардан устахгүйн тулд хүн бүр, дарга болгон, эрдэмтэн, бизнесчин бүр ухааран, хичээн ажиллаасай. Бид чадалгүй яах вэ, хэнээс юугаар дутдаг юм бэ. Монгол хүн чадна. Тэнгэр мэднэ.

2011 оны 8 дугаар сар 2

Эх сурвалж: boldsaikhan.niitlelch.mn


Yes nuclear, no argal power  
Үзсэн: 1175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй