Шууд Chart

“Алтанбулагийн тээвэр, логистикийн төв байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулах” төслийн асуудлаар уулзав

2022-01-21 17:57:20

БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Мэдлэг хуваалцах хөтөлбөр” (Knowledge Sharing Program)-ийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд “Алтанбулагийн тээвэр, логистикийн төв байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах” төслийг хэрэгжүүлэхээр төслийн эхний шатны уулзалт семинарыг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр цахимаар зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид, Солонгосын талаас БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун, Хөтөлбөрийн тэргүүн зөвлөх Ё Хёнг Гюү нарын төлөөлөгчид оролцлоо.

Энэ удаагийн хурлаар Алтанбулаг логистикийн төвийг байгуулах төлөвлөгөө боловсруулах, санхүүжилт шийдэх арга зам болон хууль эрх зүйн орчныг бий болгох талаар хэлэлцэж, Алтанбулаг боомтод логистикийн төвийг байгуулахад шаардлагатай урьдчилсан ТЭЗҮ судалгаанд шаардлагатай дата мэдээлэлд шинжилгээ хийх, байршил сонгох, зах зээлийн шинжилгээ хийх, логистикийн төвийн үйл ажиллагаа, бусад төвүүдтэй холбох болон өргөтгөх нөөц бололцооны талаар судалгаа шинжилгээ хийх зэрэг асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Засгийн газраас Алтанбулаг хилийн боомтод логистикийн төв байгуулах асуудалд онцгой анхаарч, бодлого чиглэлийг тодорхойлоод байгаа билээ. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийн зорилтод “Дамжин өнгөрүүлэх тээвэр, худалдаа, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг тээвэр, логистик, хилийн дэд бүтцийн хамт байгуулан эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангана”; “Хөдөө аж ахуй, тээвэр логистик, төрөлжсөн аялал жуулчлалын салбарыг бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих замаар хөгжүүлнэ” гэж заасан.

Монгол Улсын чухал ач холбогдол бүхий хилийн боомтуудын нэг нь Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомт юм. Энэхүү боомт нь олон улсын боомт бөгөөд Монгол Улсын Их хурлаас 2016 онд соёрхон баталсан “Хуурай боомтын тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тус боомтыг Монгол Улсын 4 хуурай боомтын нэг байхаар зарласан юм.

Эх сурвалж: ЗТХЯ


“Алтанбулагийн тээвэр, логистикийн төв байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулах” төслийн асуудлаар уулзав  
Үзсэн: 469 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй