Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран, Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр “Монголын ногоон, хүртээмжтэй хотууд” төслийг хэрэгжүүлэх Санамж бичиг байгууллаа.
Санамж бичиг байгуулснаар “Монголын ногоон, хүртээмжтэй хотууд” төсөл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод таван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.
Төсөл нь хотын хөгжлийг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, хүлэмжийн хийн ялгарал багатай болгоход чиглэж байна. Энэ хүрээнд хот төлөвлөлт, газар ашиглалт, орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалтын бодлогод уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, нийгмийн хүртээмжийг системтэй тусгана.
Мөн хотын засаглалыг бэхжүүлэх, орон нутгийн санхүүгийн удирдлагыг сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэл, холимог санхүүжилт, ногоон бонд зэрэг санхүүгийн шинэ механизм нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Монгол Улс хотын хөгжлийг байгальд ээлтэй, хүртээмжтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй замаар чиглүүлэх бодлого баримталж байна. Энэхүү төсөл нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг бодитоор дэмжиж, хот байгуулалт, хөрөнгө оруулалтад уур амьсгал, биологийн олон янз байдлын асуудлыг цогцоор нь тусгах ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.
Төслийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарал багатай халаалтын шийдэл нэвтрүүлэх, ногоон тээврийг хөгжүүлэх, үерийн эрсдэлээс хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх, газрын доройтолд орсон 40 мянган га газрыг нөхөн сэргээх ажлыг дэмжинэ. Мөн инновац, дижитал шийдэл, олон нийтийн оролцоонд тулгуурлан жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй хөгжлийг дэмжих юм.
Төслийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хэрэгжүүлж, НҮБХХ техникийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Энэхүү төсөл нь зөвхөн гурван хотод төдийгүй Монгол Улсын бусад хот, суурин газарт хэрэгжүүлэх боломжтой жишиг загвар, туршлагыг бий болгоно гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
| “Монголын ногоон, хүртээмжтэй хотууд” төсөл хэрэгжинэ | ||
| Үзсэн: 73 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.