Шууд Chart

Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын сенаторуудтай уулзав

2022-01-22 16:53:10

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Шинжлэх ухаан, боловсрол, соёлын хорооны нэгдүгээр орлогч дарга И.М-С.Умаханов тэргүүтэй Холбооны Зөвлөл дэх Орос-Монголын парламентын бүлгийн гишүүн 6 сенатортай Элчин сайдын яамны төв байранд 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр уулзаж, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй, тулгамдсан асуудлуудаар санал солилцож ярилцлаа.
 
Уулзалтад ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл дэх БН Дагестан Улсын төлөөлөл сенатор И.М-С.Умаханов, Өвөрбайгалийн хязгаарын төлөөлөл сенаторууд Б.Б. Жамсуев, С.П.Михайлов, БН Буриад Улсын төлөөлөл сенатор В.В.Наговицын, БН Тува Улсын төлөөлөл сенатор Д.И.Оюн, Эрхүү мужийн төлөөлөл, сенатор А.В. Чернышев нар уригдан оролцлоо.
 
Уулзалтын эхэнд Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Холбооны Хурлын дээд танхимын өргөн бүрэлдэхүүн Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд зочилж байгаа нь ОХУ-ын Холбооны Зөвлөл Орос, Монголын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн хөгжилд онцгой ач холбогдол өгдгийн илэрхийлэл хэмээн ойлгож байна гээд эрхэм сенаторуудад талархал илэрхийлэв.
 
Өнгөрсөн жил хоёр орны харилцаа чухал үйл явдлуудаар дүүрэн байсан, тухайлбал Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг талууд өргөн тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагаагаа урагшлуулах бодит алхмууд хийсэн, ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д оны сүүлээр хийсэн төрийн айлчлал, Ерөнхийлөгч В.В.Путин, ОХУ-ын парламентын дээд, доод танхимын удирдлагуудтай хийсэн ажил хэрэгч яриа хэлэлцээ, уулзалтууд ихээхэн үр дүнтэй болсныг Элчин сайд тэмдэглээд хоёр орны Төрийн тэргүүнүүдийн хүрсэн чухал тохиролцоонуудыг хэрэгжүүлэхэд ОХУ-ын Холбооны Зөвлөлийн сенаторуудтай ойр дөт хамтран ажиллахдаа таатай байх болно гэлээ.
 
Ноён И.М-С.Умаханов тэргүүтэй сенаторууд Орос, Монголын парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, үүний тулд парламент хоорондын шинэ механизм - хамтарсан комисс байгуулан ажиллуулах, Орос, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бүх талын дэмжлэг үзүүлэх, ОХУ-ын бүс нутгууд, Монгол Улсын аймгууд, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өөрсдийн зүгээс дэмжлэг үзүүлэхээ нотоллоо.
 
Талууд ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих байгалийн хийн хоолойн төсөл, мал эрүүлжүүлэх хөтөлбөр, монгол малын махны экспорт, боловсролын хамтын ажиллагаа, ОХУ-ын Засгийн газраас монголын оюутнуудад олгодог тэтгэлгээр оюутан суралцуулах тэргүүлэх чиглэл, орос хэлний сургалт зэрэг асуудлуудаар санал солилцож, цаашид тогтмол хэлхээ холбоотой байж, хоёр улсын харилцааг баяжуулан хөгжүүлэхэд бүтээлчээр хамтран ажиллахаар санал нэгдэв.
 
 
Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ

Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын сенаторуудтай уулзав   
Үзсэн: 1084 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй