Шууд Chart

Нутаг буцаагүй хун...

2022-02-09 11:12:28

Бүсгүй буцаж явлаа. Уйлах гэсэн боловч нулимс гарсангүй, хашхирах гэсэн ч хоолой нь хатчихсан юм шиг санагдаж, шүлсээ залгитал гашуун амт цээж зүсээд л явчих нь тэр. Тэр дотроо уйлж байлаа. Салхи сөрөн, цас зүсэн алхаж байгаа ч даарч, хөрөх гэдгийг мартчихсан, явсаар голын эрэгт ирлээ.

Битүү цагаан мөсөн дунд жижигхэн хар толбо холоос тодорч, уур манан савсаж байгаа нь нүднээ ил. Бүсгүй харзны дэргэд ирээд гайхаж, цочсондоо хөдөлж ч чадахаа байв. Ид хүйтэн тачигнаж байхад хоёр өдөн цагаан хун бие биенээ түшин, амгалан нойрсох мэт нам гүм хөдөлгөөнгүй байгааг хараад цочиж, золтой л уулга алдсангүй. Аль өнгөрсөн зун "Мөрөнгийн гол дээр загас агнаж байсан хотын залуу саваагүйтэж, буугаа шалгах гэж байгаад хун шархдуулчихсан гэнэ” гэдэг үг айлынхаа эмээгээс сонсож байснаа гэнэт санав.

Хөөрхий шархадсан хунг ганцаар орхиж чадаагүй ижил нь түүнийг сахин үлдэж, харзны ус бараадсаар нэг л шөнийн жаварт хамтдаа хөлдөөд үхчихсэнийг харсан бүсгүй олон хоног нууж явсан нулимсаа барьж чадсангүй, харзны дэргэд ганцаараа суун, цурхиртал уйлж эхэллээ.

Анхмаа дөнгөж хорин наймхан настай. Салхи хөглөх мэт цангинатал инээд алддаг, хөнгөн шингэн алхаатай, нүүрэндээ гэрэл цацруулсан жижигхэн охин арван есхөн настайдаа анхны хайртайгаа учирч, Гэрэлттэй айл гэр болон амьдарч эхэлсэн. Залуу хосын амьдрал эхний гурван жил үнэхээр сайхан байлаа. Гэвч зургаан жилийн өмнө Гэрэлт автын осолд орж, суумгай болсон тэр өдөр Анхмаагийн амьдрал орвонгоороо эргэсэн гэхэд болно. Нөхрөө эмчлүүлэх гэж олон сар нойргүй хонож, сайн гэсэн бүхний эрэлд хатаж, Гэрэлтийн өмнөөс шаналж, уйтгар гунигаа нуух гэж нүүрэндээ үрчлээ суутал битүүхэн зовсон.

Сүүлийн хэдэн жил өвчинд зовуурлаж, үеийнхэнтэйгээ ч уулзахаа байсан Гэрэлтийн ааш авир хувирч, саргүй шөнө шиг царайлан, юм л бол уурлаж уцаарлаж, Анхмааг сүүдэртэйгээ хүртэл хардах нь халаг болж эхэлсэн нь хамгийн том зовлон байлаа. Өнгөрсөн зун Гэрэлтийг Торцотын рашаанд авч явсан тэр өдөр Анхмаа дахиж амьдрах шиг л болсон.

Тэр рашаан дээр Анхмаа Сүхээ хэмээх гялалзсан бор нүдтэй чийрэг залуутай танилцаж, тэдний хооронд хайрын нууцхан түүх эхэлснийг хэн ч мэдэхгүй. Хүнд тусархуу ил цагаан үгтэй Сүхээ тэдний майхнаар эргэлдэж, нөхрийг нь өргөж, босоход тусалж, рашаанд хамт явсаар нэг л мэдэхэд дотносчихсон байсан. Рашаанаас ирсний дараахан Анхмааг дэлгүүрээ хаачхаад гарах гэтэл үүд цэлсхийтэл нээгдэж, Сүхээ айсан хүүхэд шиг хулгасаар ороод ирж билээ. Тэр өдрөөс хойш Сүхээ, Анхаа хоёр байн байн уулздаг болсон юм. Сүхээтэй уулзана гэхээр яарч, догдолж, салахдаа цээжиндээ бөөн гуниг тээгээд л буцдаг байлаа.

Нар уулын цаагуур орох гэж яарах мэт гудайсан намрын шар орой Сүхээ Анхмаагийн гарыг атгаж, сууснаа "Би ч муу эр юм даа. Өвчтэй зовлонтой нэгнийхээ эхнэрийг эргүүлээд л… Гэхдээ даан чиг залуу насыг чинь бодохоор чамаас салж чадахгүй байна. Чи минь хэчнээн жил өвчтэй хүн сахиж, зовж суух учиртай юм бэ?” хэмээн намуухан хэлсэн. Түүний энэ үг Анхмаагийн сэтгэлийг тастаж хаях шахан зовоож байсан хамгийн эмзэг цэгийг хөндөж, нулимсаа барьж чадахгүй байлаа. Үнэхээр Сүхээд татагдах бүсгүйн сэтгэлийг өвчтэй нөхрөө өрөвдөх тэр л сэтгэл хазаарлаж байсан хэрэг. Хүнд хайртай болж, шаналж, зовж, түүнийгээ санаж, бэтгэрч олон шөнө нойргүй хоносон. Гэвч нууц юм гэж байх биш дээ.

Олны салхи түүнийг Сүхээтэй сэтгэлийн холбоотой болсныг хэвтэрт байгаа нөхөрт нь очоод дуулгачихсан байлаа. Хоёр сар шахам хоол цайнаас ч гарч, уурлах ч үгүй, дуугарах ч үгүй хэвтсэн нөхөр нь өнөөдөр гэнэтхэн ээжийгээ дуудуулж, "Чи яв даа, амьдралаа бод. Би муу ээжийнхээ дэргэд үлдсэн насаа өнгөрөөнө” гэж түс тас хэлчхээд л хэдэн хувцсаа охин дүүгээрээ боолгуулж аваад хоёр дүүгээрээ өргүүлээд л машинд суучихсан. Анхмаа өвчтэй хүн сахисаар зургаан жил болсон ч гэсэн, өөр хүнд сэтгэл алдан дурласан ч гэсэн түүнийг ийнхүү хаяад явчихна гэж зүүдэлж ч байсангүй.

Бачимдсандаа, бас бусдаас нууж унагадаг нулимсаа юүлэх гэж Мөрөнгийн гол руу ирсэн нь энэ байлаа. Бүсгүй жаал уйлж, тайтгарч аваад хадам ээжийнхээ гэр лүү тэнхээ мэдэн гүйв.

Нийтэлсэн: Б.Цоожчулуунцэцэг

Нутаг буцаагүй хун...  
Үзсэн: 2407 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй