Шууд Chart

М.Нямсүрэн: Боловсролын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн шинэчиллээ

2022-04-11 16:13:51

Сургуулийн барилга байшин, сургалтын хэрэглэгдэхүүн байгаа эсэхэд голчилдог байсан Ерөнхий боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаа МХЕГ өнгөрсөн онд бүрэн шинэчлэв.

Сургуульд хөгжлийн бодлого, хөтөлбөр байна уу, сандал ширээ нь хүүхдүүддээ хүрэлцэж байна уу, биеийн тамирын танхимтай юу гэхчлэн дурайдаг байсан асуулт “Сургууль хүнд ээлтэй ямар ажлууд хийж хэвшүүлэв, ширээ, сандал нь сурагчийн нас, биед тохирсон уу, биеийн тамирын танхимын тохижилт хүүхдүүдийн хүйсийн ялгаатай байдалд нийцэж байна уу, шийдвэр гаргахад сургуулийн хамт олон бүгдээрээ оролцож чадаж байна уу, үгүй юу гэх зэргээр суралцагсдын жендэрийн хийгээд бусад эрх, аюулгүй байдлыг хангахад чиглэж өөрчлөөд байгаа юм.

МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэнтэй энэ шинэчлэлийн зорилго, үр дүн, боловсролын байгууллагын зарим асуудлаар ярилцлаа.

“БАГШ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН МЭДЛЭГТЭЙ ЮУ, ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙД НЬ ТОХИРУУЛЖ ХАРИЛЦАЖ ЧАДАЖ БАЙНА УУ... ”

-Боловсролын байгууллагын үйл ажиллагааг шалгадаг хяналтын хуудасны шинэчлэл чухам юунд чиглэж байна вэ?

-Бид хүүхдийн тэгш эрх, жендэр, аюулгүй байдлыг хангахад сургуулийн удирдлага, багш, суралцагч, эцэг эх асран хамгаалагчдын оролцоог хангаж байгаа байдал зэрэгтэй уялдуулан хууль эрх зүйн хүрээнд хяналтын хуудасныхаа агуулгыг бүрэн шинэчиллээ.

Энэ ажил 2020 онд ерөнхий боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг үнэлэх 6.2 кодтой хяналтын хуудасны шалгуурыг өөрчлөхөөс эхэлсэн. Улмаар 2021 онд бусад бүлгүүд болон 6.1. сургуулийн өмнөх боловсрол, 6.3.мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, 6.4.их дээд сургууль шалгадаг хяналтын хуудсуудад сургууль бүхлээр ажиллах арга хандлага /СБААХ/-ын шалгууртай уялдуулан Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийн хүрээнд өөрчлөлт оруулсан.

Шалгалтын асуултын агуулга нь суралцагч, багш, эцэг эх, захиргааны албан хаагч, үйлчилгээний ажилчид гээд бүх талын оролцоо, үйл ажиллагаа нь хүүхдэд ээлтэй, хэрэгцээтэй, тэдний хөгжлийг дэмжсэн хамтын ажиллагаа байгаа эсэхийг үнэлэхэд чиглэж байгаа юм. Мөн өмнө нь сургалтын орчинд хийгдэх хяналт шалгалт нь голдуу материаллаг зүйлд ханддаг байсныг халж, хүүхдүүддээ тааламжтай байна уу, өнөөгийн хүүхдүүдийн сэтгэл зүй, бие физиологид тохирч байна уу, хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэж, жендэрийн мэдрэмжтэй байж чадаж байна уу гэх зэргээр өөрчилж сайжрууллаа.

Манай өмнөх шалгуур нь хуулийн хэрэгжилтээ хянадаг байсан учраас яг тэр хуульчилсан зүйл заалт дээрээ тулгуурлаад ажил нь явж байна уу, үгүй л  гэж харахаас  хүндээ чиглэсэн эсэхийг чухалчилдаггүй байсныг илрүүлж, засч байна. Тухайлбал багшийн үйл ажиллагааг багшлах эрхийн үнэмлэх, цагийн ачаалал зэргээр үнэлдэг. Гэтэл СБААХ-ын үнэлгээгээр багш тогтвортой хөгжлийн мэдлэгтэй юу, хүүхэдтэйгээ ажиллах арга зүйг сурсан уу, сэтгэл зүйд нь тохирсон байдлаар ярилцаж чадаж байна уу, дэлхийгээ хайрлах боловсролыг хүүхдэд түгээж чадаж байна уу гэсэн шалгуур тавьдаг.

Хүмүүс ганц хяналтын хуудас л яриад байна гэж ойлгож болох юм. Гэтэл нэг хяналтын хуудас 50 гаруй асуулттай, 200-300 оноогоор дүгнэгддэг.  Нэг асуулт дээр тохируулга хийхэд маш их цаг ордог. Тэр болгоныг уншина, судална, энэ үгтэй ингэж дүйцүүлж ойлгож болох уу, болохгүй юу гэдгийг мэргэжилтнүүдээс асууж тодруулна. Монгол Улсын хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-тай хэрхэн уялдах, үг өгүүлбэрийг шингээх вэ гэхчлэн их ажилтай.

Бидний ашигладаг хяналтын хуудас нь Засаглал буюу удирдлага зохион байгуулалт, Сургалтын гадаад, дотоод орчны аюулгүй байдал, Сургалтын агуулга,хөтөлбөр, Багшлах бүрэлдэхүүн, хүний нөөц, Түншлэл, хамтын ажиллагаа гэсэн 5 бүлэгтэй.

Тухайлбал сургуулийн удирдлага, зохион байгуулалтын хэсэгт өмнө нь сургуулийн дүрэм байна уу, дүрэм дотроо сурагчдын, эцэг эхийн талаар зааж уу гэдгийг шалгаж байсан бол одоо шийдвэр гаргахад сургуулийн бүх хүн оролцож чадахаар байна уу, түүнийгээ дүрэмдээ суулгаж өгч чадсан уу гэдгийг харгалзан үнэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл сургуулийн удирдлага, үйлчилгээний ажиллагсад, сурагчид, эцэг эхчүүд шийдвэр гарахад оролцож чадахаар байна уу гэдгийг мөн шалгана. 

“БАЙЦААГЧИД ӨӨРСДӨӨ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН МЭДЛЭГТЭЙ БОЛОХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА”

Бид эцэг эхийн зөвлөл гэхээр зөвхөн мөнгө хураадаг л гэж бодоод байдаг. Яг үнэндээ тэдний оролцооны эрхийгхуулиарбаталгаажуулсан.  Хүүхдээ сургууль, цэцэрлэгийн үүдэнд нь буулгаж өгчихөөд явдаг биш анги нь хэдэн хүүхэдтэй байна, дотоод орчны агаар сэлгэлт хийгдэж байна уу, сууж байгаа ширээ сандал нь миний хүүхдийн өсөлт, хөдөлгөөнд саад болохооргүй байна уу гэх зэргээр эцэг эхчүүд оролцоогоо нэмэгдүүлж, санаа бодлоо илэрхийлж, шийдвэр гаргалтад нөлөөлдөг байх бүрэн эрхтэй.

Мэргэжлийн хяналтын байгууллага дээрх байдлаар бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаа өөрчиллөө. Одоо харин түүнийг ашиглаж үнэлгээ хийдэг боловсролын хяналтын байцаагч нараа сургалтад тасралтгүй хамруулж байж тодорхой үр дүнд хүрнэ гэж үзэж байна.Байцаагчид өөрсдөө  хандлагаа өөрчлөх, тогтвортой хөгжлийн боловсролын мэдлэгтэй болох, түүнийгээ хуультайгаа уялдуулж хэрэглэх шаардлагатай байгаа юм. Тэгж байж энэ ажлын үр дүн гарна. Мөн байцаагчидтайгаа хамтран нийслэл, орон нутгийн сургуулиудад очиж үнэлгээ дүгнэлт ч өгөх ч шаардлага байна. Харахад ганцхан хяналтын хуудас яриад байгаа юм шиг атлаа ажил нь ингэж л олон шаталбараар явагддаг.

-Яг энэ шинэчлэгдсэн хяналтын хуудсаараа үнэлгээ хийж байна уу одоо?

-Энэ 2022 төлөвлөгөөт хяналт хийгдэхээргүй болж байгаа учраас зөвлөн туслах ажлаараа сургуулиудад эрсдэлийн үнэлгээ хийхээр төлөвлөж байна. Ер нь зөвлөн туслах нь манай төрийн бүх байгууллагын хийх ёстой ажил. Хийж ч байна. Гэсэн ч манайхан хянаж шалгах, үнэлэх их дуртай. Яам, нийслэл, аймгийн Боловсролын газар бүгд л сургуулиудыг шалгаж, үнэлдэг, эрэмбэлдэг. Бодлого боловсруулдаг, захиргааны чиг үүрэг бүхий байгууллагууд нь арга зүйгээр хангах, зөвлөх, зохицуулах гэхээсээ илүү дутагдал доголдлыг илрүүлэх шалгалт хийгээд байдаг. Шалгахдаа өөрсдөө дураараа боловсруулсан тодорхой бус шалгуураар сайн, муу гээд үнэлчихдэг. Харин шалгалт хийх үндсэн үүрэгтэй Мэргэжлийн хяналтын байгууллагын тухайд шалгалтыг баталгаажсан хяналтын хуудсаар хийдэг. Хяналтын хуудсыг маш олон шат дамжлагаар нягталж байж сая баталдаг. Хуульчлагдсан шалгуураараа үнэлгээ хийдэг гэсэн үг. Хэн нэг нь дураараа гүйж очоод шалгаад байх ч боломжгүй. Мэргэжлийн хяналтын энэ үнэлгээг бусад байгууллагууд ч авч ашигладаг, хоорондоо  мэдээллээ солилцож, нэг зүйлийн төлөө хамт явдаг баймаар байна. Ер нь миний хувьд сургууль нь, багш нь хүсэлтээрээ шалгуулдаг, үнэлүүлдэг тийм л нөхцөлийг бүрдүүлээсэй гэж боддог. Шалгуулснаараа тэд сайн гэдэг үнэлгээ авдаг, сайн талын үзүүлэлт болж харагддаг тэр чигт явмаар байгаа юм.

“УХААНААРАА СУРГУУЛИЙГ УДИРДАХ  ШААРДЛАГАГҮЙ БОЛСОН…”

Гэтэл өнөөдөр ганц сургуулийг төрийн бүх байгууллага шалгаж, хэн нэгнээс нь алдаа  олох гэж дарамталж байна. Ийм тийм байх ёстой гээд хайрцаглачхаар ухаанаараа сургуулийг удирдах менежер шаардлагагүй болсон.  Дуугүй л сууж байя, зүгээр л байж байя,  юу гэнэ тэрийг нь л биелүүлье гээд тэр сургуулийн тархи нь ажиллах шаардлагагүй болж байна. Ингэхээр сургуулиудад ялгарал байхгүй, хөгжиж чадахаа болчхож байгаа юм. Аль дээр үеийн “сайн” гэдэг нэрээрээ л сургуулиуд өнөөдөр амьдарч байна шүү дээ.  23, 33, 1 дүгээр сургууль дээх нь үеийн ялгарлаараа явж байна. Эцэг эхчүүд ч тэр үеийнх шигл бодоод хүүхдүүдээ заавал тэр сургуульд өгнө гээд чихээд байдаг. Ингэсээр сургуулиудын нэг анги нь 50-60 хүүхэдтэй болчихдог. Ийм сурагчтай багш хэчнээн сайн байгаад20 хүүхэдтэй багшийг яаж гүйцэх юм бэ. Тэгснээ энэ сургуульд харьяалалгүй хүүхэд хэн оруулав гээд араас нь шалгаж гүйдэг ийм тойрогт бүгдээрээ орчихлоо. Ер нь энэ сургуулиудыг хэн ямар шалгуураар сайн гэж батлаад байгаа юм. ЭЕШ-ийн үнэлгээгээр үү. Яг үнэн үү? Хүүхдийнхээ төлөө илүү санаа тавьдаг нь нэмэлт давтлага авч өндөр оноо авахын төлөөх уралдаан болсон байгааг бид бүгд мэдэж байгаа. Энэ нь ар гэр, мөнгө төгрөгний боломж бололцоотой ч холбоотой. Гэтэл эцэг эхчүүд бие биетэйгээ өрсөлдөөд хүүхдээ 1 ч юм уу 23 дугаар сургуульд л өгчихвөл мундаг болж харагдана гэсэн ойлголтоосоо салаагүй л байна.

-Тэгвэл таны ярьсан энэ, ер нь олонхоороо шуугиад байгаа багшийн, сургуулийн  асуудлыг шийдэхэд хяналтын шинэчилсэн хуудас  хэрхэн нөлөөлөх бол? 

Мэдээж энэ асуудлуудыг л өөрчлөхийн төлөө явж байна. Гэхдээ ганцхан манай байгууллага шалгуур үзүүлэлтээ өөрчиллөө гээд боловсролын салбар сайхан болчихгүй. Их том систем учраас бүгд өөрсдийн хариуцсан ажлаа хийж, араа шүдэндээ орж хөдөлдөг хөдөлгүүр шиг нэг зорилгын төлөө хамтын ажиллагаагаа сайжруулмаар байгаа юм. Тэгж байж л өөрчлөгдөнө. Түүнээс биш хяналтын байгууллагаас болж боловсролын салбар муудсан юм байхгүй. Хэрэв тэгсэн бол түүнийгээ тодорхойлон учир шалтгааныг тодорхой болгох хэрэгтэй.

“БАГШ НАР НЭР ТӨРӨӨРӨӨ АМЬДАРДАГ ХҮМҮҮС. ТЭДНИЙГ БИТГИЙ ХОМОРГОЛОН ЭРЭМБЭЛЭЭЧ”

Одоо бас багшийг үнэлдэг журам гаргах гээд салбарын яам ажиллаж байна. Багшийг арай гэж 50 хүүхэдтэйгээ ажиллах гээд ядарч байхад нь таван төгрөгийн хөлс нэмж олгохын тулд  дахиад шалгаад эрэмбэлээд  нэр хүндийг нь унагаах гээд байх хэрэггүй л юм. Миний бодлоор “би энэ жил их сайн ажилласан учраас энэ шалгуурт тэнцэхээр болжээ. Тэгэхээр цалингаа нэмүүлмээр байна. Намайг шалгаад өгөөч” гэж багш өөрөө  ханддаг болгомоор байна. Багш чинь хүн л юм болохоор өвчин зовлон, ар гэрийн асуудлаас болж тухайн жилд амжилт гаргах боломжгүй үе гарч болно. Тэр хүнийг заавал шалгаж, муу дүн тавиад яах юм бэ. Багш нар чинь нэр төрөөрөө амьдардаг хүмүүс. Тэр сургуулийн хамгийн муу багш гэчхээр тэр багш яаж хүүхдүүддээ хичээл заах болж байна аа. Сурагчдаас нь санал асуулга авна гэсэн санал ч явж байсан. Энэ ч гэсэн хийсвэр үнэлгээ тавьдаг багш нарыг л гааруулах үзүүлэлт болох магадлалтай. Үнэхээр хэцүү. Ахиад л багш дээр бөөн зовлон үүсгэнэ, хэдэн төгрөг нэмж өгөх гэж бүх багшийг шалгаж, эрэмбэлж яах юм бэ.

Ер нь хөтөлбөр, сурах бичгийг байнга өөрчилж ирлээ. Сүүлийн дөрвөн жилд боловсролын салбар жаахан тогтож байна. Хөтөлбөр өөрчлөгдөхөөр багш дахиад өөрийгөө өөрчлөх хэрэгтэй болдог. Хяналтын хуудсыг өөрчлөхөөр байцаагч нараа өөрчлөх хэрэгтэй болоод байна гэдэгтэй яг ижил. Ингэж багш нарыг түмэн зовлон дотор хутгаж хутгачхаад “чи эднийг сурга” гээд 50 хүүхэд өгчихдөг. Тэгээд  болохгүй болохоор нь багшийг л буруутай болгодог. Захирал, нийгмийн ажилтан, эцэг эх юу хийж байна, нөхцөл нь юу байв гээд асуудлыг суурьтай судалж үзэх хэрэгтэй. Гэтэл сүүлийн үед алдаа гаргасан багшийг бүх нийтээрээ сошиалаар шүүдэг, бөмбөгддөг болж байна. Багшийн гэр бүл, үр хүүхдүүд нь яана, яаж хүний нүүр харах юм бэ. Хэдийгээр буруу боловч үндсэн асуудал нь юу вэ гэдэг нь чухал. Энэ бүхнийг л эрх үүргийнхээ хүрээнд өөрчлөх гээд оролдоод байна. Гэхдээ ганцхан байгууллагаас хамаарахгүй л дээ.

-Баярлалаа.

Нийтэлсэн: Д.Даваадулам

М.Нямсүрэн: Боловсролын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн шинэчиллээ  
Үзсэн: 2195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй