Шууд Chart

Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах нийтлэг журмын төслийг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов

2022-04-28 18:05:44

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд өнөөдөр Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах нийтлэг журмын төслийг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулав.

Үндсэн хууль болон холбогдох хуулиудад өөрчлөлт орсонтой холбоотойгоор “Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ыг шинэчлэн боловсруулжээ. Өмнө нь мөрдөж байсан хууль тогтоомжид хорооны хэсэг, хэсгийн ахлагчтай холбоотой зохицуулалт байдаггүй байжээ.

Өдгөө нийслэлийн 204 хороонд 1700 гаруй хэсгийн ахлагч нийслэл, дүүргээс хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, үйл ажиллагааг иргэд, оршин суугчид, аж ахуйн нэгжид хүргэх үндсэн үүрэгтэй ажиллаж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар хэсгийн ахлагч нарыг хорооны Засаг дарга томилох бөгөөд цалин хөлсийг дүүргийн ЗДТГ-аас олгож байгаа юм. Сүүлийн жилүүдэд хэсгийн ахлагч нарын нас залуужиж, боловсрол, мэргэжлийн хувьд ч ахисан үзүүлэлт гарчээ. Тодруулбал, 80 гаруй хувь нь 50-аас доош насныхан болсон байна. Иймээс ч төрийн үйлчилгээг тогтвортой, түргэн, шуурхай хүргэх үүднээс хэсгийн ахлагч нарыг тогтвортой ажиллах боломж, нөхцөлөөр хангах зорилгоор тус журмыг боловсруулжээ.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гаргаж, журмын төслийг НИТХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болов.


Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах нийтлэг журмын төслийг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов  
Үзсэн: 1079 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй