Шууд Chart

Шувууд жиргэх үүр

2022-05-05 10:58:23

Зүүд манаад үүрсэж буй адууны хумьсан сормуус шиг шилмүүс ногоон модны мөчир дээр сүлжиж зассан мөөмөн цагаан үүрнээс боргоцой бор шувуухай нисэн ирж айл гэрийн гадаах ааруулын бандан дээр суугаад жиргэн жиргэх нь үүр цайж буйн эхлэл буюу. Бүдэгхэн ч өнөөх л ногоон өнгө нь тодрох алсын чандмань уулс, шим уургийг нь сорж баралгүй өвсний нуруу бөхийлгөн унтаж буй өнгө хүрэн царцаахай, нүднээс нууцад байгаль ижийн таринын шидээр үүссэн болор, болор үрлэн шүүдэр, өвс бүгдийн үзүүр дээр тогтон, тогтож бөнжигнөх нь энх үүрийн чимэг ээ. Үүрийн бүгээн салхи үнэрлэн өвс зулгаах аргамжаатай хээр адуу эмээл тэврэн ирэх эзнээ хүлээж, идээшилж буй сүрэг хэдэн адууныхаа зүг дун бүрээ хамраа танигнатал янцгаах нь үүрийн цагаан сэрүүлэг. Хотолсон хонины хашаан дээр сууж гэгээ орж буйг зарлаад ниссэн боргоцой бор шувуухайн лимбэ эгшиг уяхан жиргээнд хонь, ямаа хэдийнэ сэрээд үүрийн салхи үнэрлэн тургиж, бас майлалдах ажээ. Үүрийн гэгээнээр хээр хоносон үнээ мал дэлэн дүүрэн сүүтэй зэлэндээ ирээд салхи сөрөн хэвж хэвтэнэ.

Алсын алсад аниргүй бас нам гүмхэн л... Гэрийн баруун хатавчинд тос нэвчсэн шаргал хөхүүртэй айраг шуугин шуугина. Айраг исчээ. Шувуу жиргэх чимээнээр ч юм уу, адуу янцгаах дуунаар юм уу, бүүр эсвэл айраг нь бодогдсоор уу адуучин залуу орноосоо өндийж, гандуу хүрэн тэрлэгээ өмсөж, дуран юугаа шар дурдан бүсэндээ зүүгээд унтаж буй сөөвгөр хүүгээ сэрээхгүйг хичээн сэм явж, исэлт гэж шимтэй, тос дааж хамар цоргитол сэнгэнэх шаргал хөхүүртэй айрагнаас дээжилж баян буурал хангайдаа өргөөд үл ялиг хөөсийг нь сөхөн загасан нүдтэй айргийн хулаар нэг, хоёр залгилаад илүү гэрийнхээ хаяанд чулуугаар дарж хоносон таван алдын уургаа авч, оломцог нь жаахан чийгтэй эмээл юугаа тохой нугалан цээжиндээ тэврээд аргамжиж хоносон хээр морь руугаа үүрийн анхны мөр гарган шүүдэр гишгэн алхаж, хээр морио эмээллээд үүрийн зөндөө итгэн хээр хоносон хэдэн адуугаа хураахаар уурга сунган дөрөөн дээрээ босоод исгэрэн чавхдлаа. Шувууд жиргэх үүрээр шарга гүү унагалжээ. Унага нь босоо төрж. Унага нь хөл чанга, босоо төрдөг Монголын их хээр талд үүрийн бороо шивэрнэ. Бөгтөр ногоон өвсний үзүүр дээр зүүрмэглэж буй алаг эрвээхий нар гарахаар нисэн дүүлэх сэтгэлтэн мэт эрээн далавчаа ангас ангас хөдөлгөнө. Энэ л алтан дүр зургийг үүрийн гэгээ л мэднэ дээ... Үүрээр төрсөн унаганы хүй шиг үүлс ороолдож, үүрээр адуунд мордсон эрийн гууглах дуу уулс чичиртэл цуурайтаж, үүрээр тогтсон шүүдэр өвсний үзүүрт загасны нүд мэт тунгалагшиж, үүрээр жиргэсэн шувуу хөх тэнгэртээ хаан мэт дураараа дүүрж, нисэн жиргэж буугаад л...

Үүрийн гэгээнээр саяхан үүрийн салхинд сэрсэн өвс ногоо, цэцэг ургамал бүгд гайхам сайхан үнэрээ дэлгэж , голын тунгалаг усан дотор бондон судалтай чулуун дороос загас сэлүүрдэн хөдөлнө. Үүрийн гэгээнээр гурваар сүлжсэн гэзэгний үзүүр нь хонго юугаа шүргэх сааль ханхлах цэнхэр дээлтэй бүсгүй хошуу нь дөрвөлжилж хоносон гэрийн өрхийг татаж, гэртээ орон зууханд гал өрдөөд, агар хувингаа барин үнээний зэл рүү гунхана. Саяхан л мөөмөө барьж байсан сөөвгөр бор хүүхэд эхийнхээ энгэрийг тэмтчиж, уйлсхийснээ нойрондоо дийлдэн буцаад унтана. Үүрийн гэгээнээр шөнөжин гороолсон төгрөг саран агаар тэнгэрт мэнгэ мэт тодоо сааралтаж, хол ойр уулсын сэрвээ манхайн тодорч, алсын царманд мод захлаад манан дундаас бор азаргатай хэдэн адуу голын ус бараадан цуварна шувууд жиргэх үүрээр.

Бондон цэнхэр дэлхийд анхалж гэрэл нэмдэг нь үүрийн гэгээ юмсан уу... Бутанд хярсан бүжин туулайн цагаан сорыг налуулан найгуулдаг нь үүрийн салхи юмсан уу... Модны чөлөөнд өндөр, өндөр өвсөн дунд хөх өвс зуугаад дорно зүгт ширтэн янзагаа хөхүүлэх бор гөрөөс үүрийн шаргал туяа юмсан уу... Анир солонго цэцгэн дээр суугаад инээмсэглэхийг хараарай үүрээр. Шүүдэр цугласаар тунгалаг бүсгүй болж шаргал гэгээнд өндийхийг үзээрэй үүрээр. Цэцэг дэрлээд хэвтсэн манан горхины чимээнд ярагдахыг чагнаарай үүрээр. Эрдэнийн гөрөөс уулын бэлд өвсөн дээр сүү дусаахыг хараарай үүрээр. Зүүд манаад үүрсэж буй адууны хумьсан сормуус шиг шилмүүс ногоон модны мөчир дээр сүлжиж зассан мөөмөн цагаан үүрнээс боргоцой бор шувуухай нисэн ирж айл гэрийн гадаах ааруулын бандан дээр суугаад жиргэн, жиргэх нь үүр цайж буйн эхлэл буюу. Удахгүй дээ... Зэсэн үүл сунан тогтсон тунамал тэнгэрийн хаяанаас уяхан замбу тивийн наран цацран дэлгэрээд мандана аа.

Нийтэлсэн: Х.Дугарсүрэн

Шувууд жиргэх үүр  
Үзсэн: 2432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй