Шууд Chart

Эрдэмтэн зохиолч Д.Маамын “Газар шороо” роман дахин хэвлэгджээ

2022-05-12 08:41:28

 

Эрдэмтэн зохиолч Орлой Мажигийн Д.Маамын “Газар шороо” роман дахин хэвлэгджээ. Энэхүү түүхэн уран зохиолд Манжийн дарлалаас ангижирч, тулгар төрөө байгуулан, тусгаар тогтнол эрх чөлөөгөө эдлэхийг хичээж буй Богд хаант засгийн үеийн Монгол үндэстний түүхийг өгүүлдэг бөгөөд Дарь овооны өвөр, Ганга нуурын эрэгт аж төрөн суудаг Дарьганга нутгийнхны өвөрмөц аж төрөл, ангийн хурц ширүүн тэмцлийг эвлэгхэн үзүүлж, сэтгэлд хоногшим олон сайхан дүрүүдийг бүтээсэн байдаг.

Тус романаас түүхэнд сайн муугаар нэрээ үлдээсэн олон бодит хүмүүсийн талаар уншиж болох боловч Шилийн сайн эрсийн өлгий нутаг хэмээгддэг Дарьганга хошуунд төрж өссөн ард түмний баатруудын түүхийг харуулжээ.

Роман дөрвөн дэвтэртэй бөгөөд уншигч бидний гар дээр гурван боть ном болон хүрээд байна. Тус зохиолд Дарьганга хошууны ард иргэд Манжийн дарлалын үед хэрхэн зовж зүдэрч ирснийг, ямар ажил алба гүйцэтгэж, хэдий хэмжээний алба гувчуур төлдөг байсныг, дарлал мөлжлөгт нэрвэгдэхийн хэрээр номхон хүлцэнгүй байсан ардуудын зүрхэнд үсэрсэн тэмцлийн оч хэрхэн түймэр болон дүрэлзсэнийг нүдэнд харагдтал дүрсэлсэн байдаг.

Тухайн үед Дарьганга хошууг Манж хааны сүрэгчин хэмээн нэрлэдэг байсан бөгөөд жил бүр ирэг зумын албыг гүйцэтгэх үүрэгтэй байжээ. Энэхүү зохиолоос Монгол ёс заншил нэвт ханхлах бөгөөд мэдлэгт минь дусал нэмж, ухаан тэлэх олон зан заншлын тухай уншиж, цэцэн үг чээжинд нь явдаг Монголчуудын үг ярианы баялгийг гайхахын зэрэгцээ, унших явцдаа ярих нь хүртэл шүлэг байжээ хэмээн олон удаа бодож байлаа.

Зохиолчийн бүтээсэн дүрүүд дотроос хамгийн их сэтгэлийг минь булаасан дүр бол Хангай Базар, Ард Дагдан болон Буруу Цолмонгийн дүр байлаа. Шилийн сайн эр, муу хулгай зэргээр хошуу нутагтаа адлагдан, есөн эрүү шүүлтэд орж, олон яргалалыг давж байсан Хангай Базарын дүрээс эх орон, элгэн садныхаа төлөө хэрхэн тэмцэж, хүн хүнээрээ, үзэл бодол өөртөө үнэнчээр үлдэж болдогийг тод харж болно. Бух Дагдан хочоо Ард Дагдан хэмээх хүндэтгэлийн нэрээр сольж буй жинтэй үгтэй, бат нягт бодолтой, хэлэх хийхээсээ өмнө сайтар боддог Дагдангийн дүр бол эр хүн ийм л баймаар даа гэсэн бодлыг олон уншигчдад төрүүлэхүйц дүр байлаа. Харин Цолмонгийн дүр бол Уулын Дугар ноёны ганц хүү хэмээн хүний өмсөөгүйг өмсөж, эдлээгүйг эдэлж явсан эрх танхи хүү хилс хэрэгт орж олзны цэрэг болон Учаны бослогод оролцдог. Олон зуун хоног хүний нутагт эх орон, элгэн саднаа мөрөөдөж явахдаа хэрхэн хатуужиж, эр хүн шиг эр хүн болж буйг уншихад бахархам байлаа. Сайнтай муутай хорвоо учраас эд баялаг эрх ямбанд хүлэгдэж нүд нь сохорсон ноёдууд, амбан сайдууд, бүсгүйчүүд ч энэ романы нэгэн чимэг, ээдрээ зангилааных нь түлхүүр болж байсан юм.

Тос дотроосоо өтдөг гэдэгчлэн суурь нь ганхсан Манжийн төр Хятадад уусаж алга болох нь тодорхой байсан бөгөөд 220 жилийн турш үргэлжилсэн Манжийн дарлалаас гарахтай залган Хятадын дарлалд орж болохуйц эгзэгтэй түүхэн хүнд агшинтай Монголчууд тулгардаг. Энэ үед дээдсийн улс гүрнээ тусгаар улс болгохыг зорьсон хүсэл эрмэлзлэл, энх тайвнаар эрх чөлөөтэй амьдрахыг хүссэн ардуудын туйлын хүслийн давхцал дээр Монгол улс бие даасан улс болох замаа зассан гэж ойлгож болох юм. Өөрсдийг нь эрхшээлдээ оруулж байсан Манж үндэстнийг мөхөөх хэмжээнд ухаан заль хоёрыг хослуулж чадаж байсан Хятад үндэстэн Монголчуудын хувьд давахад хүнд даваа байсан нь ойлгомжтой юм. Учаны бослого хэмээн түүхэнд үлдсэн бослогод Манж үндэстний эсрэг Хятад үндэстнээр толгойлуулан Монгол, Төвд, Шинжаан Уйгараас олзонд ирсэн хөвгүүд мөр зэрэгцэн тэмцэж байжээ. Тэднийг романд хувьсгалчид хэмээн нэрийдсэн байдаг. Хамт хувьсгал хийхэд оролцсон жижиг үндэстнүүд Монгол нь Монголоороо, Төвд нь Төвдөөрөө, Уйгар нь Уйгараараа, Манж нь Манжаараа, Хятад нь Хятадаараа үлдэхийг хүсэж байсан боловч Хятад үндэстэн дахин тэднийг муурын савраас гаргаад барын саварт оруулахын адилаар өөрийн эрхшээлд оруулахыг хүсэж буй нь явцын дунд илэрдэг. Хоёр их гүрний дунд хавчуулагдсан жижиг гүрнийг эрхшээлдээ оруулахыг санаархагчид ганцаар тогтохгүй байсан нь бидний аз ч байж болох юм. Магадгүй Орос нь Хятаддаа, Хятад нь Оростоо өгөхийг хүсээгүй учраас бид өдийд энх тайвнаар, бие даан оршиж байгаа байх. Япон ч мөн адил энэ үед Монголыг эрхшээлдээ оруулахыг хүсэгчдийн нэг байсан гэдгийг дурдъя. Номын үйл явдал энэ мэтчилэн үргэлжилдэг. Уншсан нэгнийх нь дурсамжийг сэргээх, уншаагүй нэгэнд нь сэдэл өгөх зорилгоор номын үйл явдлын талаар ингэсгээд бичилгүй орхисон нь зүйд нийцэх болов уу…

Бидний одоогийн байдал бидний бодлуудын үр дүн хэмээн Будда хэлсэн байдаг бол бидний одоогийн энх тайвнаар, эрх чөлөөтэй, тусгаар тогтносон Монгол улсад амьдран сууж байгаа маань бидний өвөг дээдсийн бидэнд үлдээсэн үр дүн юм. Зөвхөн нэг гайхалтай жанжин, нэг гайхалтай хааны хүчин чармайлтаар бүхэл бүтэн улс орны түүх өөрчлөгддөг гэж бодох нь өрөөсгөл ойлголт юм. Тийм ч учраас Монголчуудын тусгаар тогтнолоо олсон түүх эд эс ширхэг нь болсон олон зоригт эрчүүдийн, тэдний ард хамт тэмцэж явсан олон ухаалаг бүсгүйчүүдийн түүх мөнөөсөө мөн билээ.

-Хүү минь, эгнэгт төрсөн Газар шороогоо гэж яв. Түүнгүй бол хөл чинь юун дээр гишгэнэ билээ!

Тус зохиолын гол утга санааг дээрх бүлэг үг тодорхой илэрхийлж чадаж байна хэмээн хэлэх нь зүйтэй болов уу… Энх тайван байдал бидэнд хямдхан олдоогүй юм. Магадгүй олон аавын хүү хөлс цус, амь биеэ үл хайхран тэмцээгүйсэн бол бид одоогийн Төвд, Шинжаан Уйгар, өвөр Монголчууд шиг хүчтэний өмнө хүчгүй нь буруутайн үлгэрээр амьдрах байсан биз. Тэдэнд ч мөн эрх чөлөөгөө олох боломж тухайн үед байжээ. Гэвч олон мянган хүмүүсийн хувь заяаг цөөхөн хүн шийдчихсэнийг бодохоор харамсаж халаглаад ч нэгэнт өнгөрчээ. Хэрвээ бидэнд энэхүү энх тайван байдал, эрх чөлөөг өвөг дээдэс минь өвлүүлж үлдээгээгүй бол гишгэх газаргүй олон мянган хөлнүүд дэлхийгээр нэг тэнүүчлэх байсан байх…

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эрдэмтэн зохиолч Д.Маамын “Газар шороо” роман дахин хэвлэгджээ   
Үзсэн: 2490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-05-01 20:54
Үнэхээр сайхан гоё роман болсон байнаа. Биширч байна❤

Бидэнтэй нэгдээрэй