Шууд Chart

Сувилагч бид баярлалаа гэдэг үгнээс урам зориг, эрч хүч авдаг

2022-05-12 17:05:56

Олон улсын сувилагчдын өдөр өнөөдөр тохиож байгаа бөгөөд үүнийг тохиолдуулан Улсын төв хоёрдугаар нэгдсэн эмнэлгийн сувилагчид мэргэжил нэгтнүүддээ мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ үеэр зарим сувилагчаас сэтгэгдлийг нь сонссон юм.

Д.Бямбасүрэн: Сувилагч бид багаар ажиллаж байж л хүнийг эдгээдэг

Ерөнхий сувилагч.

-Сувилагчийн мэргэжил маш хүнд. Багаар ажиллаж байж л хүнийг асран сувилж, эдгээдэг. Тэдгээр хүмүүсийг эрүүл болгоод гаргахдаа бид маш их баярладаг. Өвчтөнүүд ч бидэнд “Баярлалаа” гэхэд нь маш их урам авч, дараагийн ажилдаа ороход эрч хүч сэлбэдэг. Би 2006 онд Сувилахуйн сургуулийг сувилахуйн арга зүйч мэргэжлээр төгссөн. Өдгөө ажиллаж буй хоол боловсруулах тасагтаа 16 дахь жилдээ ажиллаж байна.

Энэ ташрамд танай сайтаар дамжуулж, бидний мэргэжлийг залгаж суралцаж байгаа болон ажиллаж буй дүү нартаа ажлын өндрөөс өндөр амжилт хүсье.

Д.Үзмээ: Нийгмийн асуудлыг сайн харж, ойлгож хүний нөөцөөр хангах хэрэгтэй байна

Хоол боловсруулах тасгийн ахмад сувилагч.  

-Би сувилагч мэргэжлээрээ бахархдаг. Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй гол асуудлын нэг бол хүний нөөц юм. Манай тасгийн хувьд саяхнаас нарийн мэргэжил болон шилжсэнтэй холбоотойгоор өвчтөн ихэссэн. Ялангуяа элэгний өвчлөлтэй хүн нэмэгдэж байна. Нийгмийн асуудлыг сайн харж, ойлгож хүний нөөцөөр хангах хэрэгтэй байна. Тэр тусмаа залуу сувилагч нарыг дэмжиж ажиллахгүй бол ажлын ачааллаас  шалтгаалж халшрах хам шинж их байна.

 М.Энхтуяа: Сувилагчийн ажил үнэхээр бахархууштай

Хоол болвсруулах, эрхтэн судал, мэдрэл судлалын арга зүйч. 

-Их сургуулиа төгсч ирснээсээ хойш энэ эмнэлэгт 31 дэх жилдээ ажиллаж байна. Сувилагчийн ажил үнэхээр бахархууштай, ард түмнээ үргэлж эрүүл энх, хэрхэн өөрийгөө саруул авч явах талаар зөвлөдөг. Хүнд өвчтэй хүнийг асрахдаа үргэлж байнгын сэтгэлийн дэм өгч, тусламж үзүүлдэг. Тиймээс би сувилагчийн мэргэжлээрээ маш их бахархдаг. Манай эмнэлэг өмнө нь тусгай статиустай байсан ч саяханаас зүүн бүсийн гурван аймаг харьяалагддаг болсноор ачаалал маш ихэссэн. Энэ ч утгаараа сувилагчийн орон тоо хүрэлцээ багасч, ачаалал нэмэгдсэн.

 

Нийтэлсэн: О.Бадамсүрэн

Сувилагч бид баярлалаа гэдэг үгнээс урам зориг, эрч хүч авдаг  
Үзсэн: 2593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй