Шууд Chart

Энэ хавар нийслэлд 288 мянган мод тарина

2022-05-15 10:54:34

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан. Ойн тухай хуулийн дагуу хаврын бүх нийтээр мод тарих арга хэмжээг 13 дахь жилдээ “Ногоон хот-Иргэний оролцоо” уриатайгаар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өнгөрсөн жил 19 мянга гаруй мод, бут, сөөг тарьж ургуулжээ. Тэгвэл энэ жил нийслэлийн хэмжээнд хаврын мод тарих аяныг тавдугаар сарын 6-20-ны хооронд зохион байгуулж байна.

2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нийслэлийн таван дүүрэгт хаврын мод тарих өдөрлөгийн нээлт болж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид баталсан хуваарь, байршлын дагуу мод тарьж, өмнө нь тарьсан модоо арчилж, усаллаа.

Баянзүрх дүүрэгт л гэхэд энэ сарын 29-нийг хүртэл 162 мянган мод, бут, сөөг тарихаар төлөвлөжээ. Өнөөдрийн хувьд тус дүүрэг дэх Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд харьяа хэлтэс, аж ахуйн нэгжүүдийн албан хаагчид болон иргэд  мод тарилаа.

Тарьсан модоо цаашид арчилж, тордох нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ургуулах гол үндэс. Энэ тухайд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан “Бид мод тариад арчилгааг орхигдуулдаг дутагдал бий. Тиймээс цаашид тарьсан модоо арчилж, ургуулж, хамгаалах тал дээр анхаарч, Баянзүрх эко тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ыг байгуулан ажиллаж байна” гэв.

Баянзүрх эко тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын ногоон байгууламжийн ахлах инженер Д.Батцэцэг “Мод тарих нь 20-30 хувийн ажил, үлдсэн 70-80 хувь нь арчилгаа байдаг. Арчилгааны технологи, хэм хэмжээг барьж ажиллавал ургадаггүй мод гэж байхгүй. Жишээ нь, халуун нартай өдөр гэнэт хүйтэн усаар модыг усалж болохгүй. Нар буусан хойно, модны хэмжээнээс хамаарч усыг тохируулдаг технологитой” хэмээв.

Тус дүүргийн 33 дугаар хорооны оршин суугч Ч.Дамиран, Ш.Оюун нар 30 гаруй нэр төрлийн 300 орчим мод, бут тарьж, ургуулжээ. Тэд 40 гаруй жил мод тарьж байгаа бөгөөд “Цөөн ч хамаагүй мод тарьж болно. Хамгийн гол нь тарьчихаад ургуулж, арчлах хэрэгтэй. Модныхоо үндсийг харж сонгох нь зүйтэй. Мод жижиг байсан ч үндэс, хөрс сайн байхад ургадаг юм. Ногоон байгууламждаа анхаарч, байгаль дэлхийгээ хайрлаарай” хэмээн зөвлөлөө.

Хаврын мод тарих өдөрлөгөөр нийслэлийн есөн дүүрэгт нийт 288.107 мод, бут, сөөг тарьж, ургуулах юм. Аяны хүрээнд Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, One life мото клуб хамтран Сэлбэ голын эхэнд 1000 хайлаас мод тарих ажлыг эхлүүлжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн барилгачдын талбайд энэ сарын 31-нийг дуустал стандартын шаардлага хангасан мод, сөөгний тарьц, суулгац болон мод тарьж ургуулах талаар мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө өгнө.


Энэ хавар нийслэлд 288 мянган мод тарина  
Үзсэн: 189 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй