Шууд Chart

Швед, Финланд улсууд Туркийн дэмжлэгийг авахаар дипломат алхам хийж байна

2022-05-27 09:29:01

Оросын Украинд явуулж байгаа дайны улмаас Швед, Финланд улсууд төвийг сахисан бодлогоосоо ухарч, НАТО-д гишүүнээр элсэх шийдвэрт хүрсэн. Гэхдээ Швед, Финландын өмнө НАТО-гийн нөлөө бүхий гишүүдийн нэг Турк улсын эсэргүүцлийг даван гарах сорилт тулгарч байгаа. Иймээс Туркийн байр суурийг өөрчлөх зорилгоор Швед Финландын дипломат төлөөлөгчид Туркийн нийслэл Анкарад очлоо. Харин Турк "алан хядагч гэж үздэг байгууллагуудыг дэмжихгүй байх, зэвсгийн хоригоо цуцла" гэсэн нөхцөлүүдийг тавьж байна.

Лхагва гарагт хоёр улсын төлөөлөгчид Туркийн ерөнхийлөгчийн ойрын туслахтай тус тусын уулзалт хийжээ.  Туркийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган алан хядагч байгууллагууд гэж үздэг Курдын хөдөлмөрийн нам, Сирийн Курдын зэвсэгт дайчдыг дэмждэг гэж Швед, Финландыг буруутгаж байна.

Эрдоган НАТО-д элсэхийг нь эсэргүүцэх далимдаа Швед, Финландын Туркд тавьсан зэвсгийн хоригийг цуцлуулах, алан хядагчид гэж сэжиглэгдэж байгаа иргэдээ шилжүүлж авах сонирхолтой байгаа юм.

Өчигдөр Туркийн талтай хийсэн уулзалт “үр дүнтэй” болсон гэж Швед, Финландын эрх баригчид мэдэгдсэн. Харин Туркийн талаас “бид батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн эсрэг хориг арга хэмжээг цуцлуулах талаар энэ уулзалтаас нааштай хандлага олж харлаа” гэж мэдэгджээ. Түүнчлэн Анкарагийн эсэргүүцэж байгаа алан хядагч байгууллагуудыг дэмждэг байдлаа зогсоох, зэвсгийн хоригийг цуцлах зэрэг нөхцөлүүдийг тавьж байна. Эсэргүүцэж байгаа эдгээр асуудлыг шийдвэрлэх алхам хийхгүй бол Скандинавын эдгээр улсуудыг НАТО-д элсэхийг нь дэмжихгүй гэж Анкара байр сууриа маш тодорхой илэрхийлж байна.

Швед, Финландын төлөөлөгчид Туркд ажиллахтай зэрэгцээд Европын зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишель НАТО-д элсэх Финланд, Шведийн чармайлтыг дэмжих зорилгоор Хельсинки, Стокгольмд айлчилж байна. Тэрээр Финланд улс НАТО-д элсэх нь өөрийн улс болоод Европыг аюулгүй, хүчирхэг болгоход маш чухал үүрэгтэй гэж мэдэгджээ. НАТО-д гишүүнээр элсэхэд тус эвслийн 30гишүүн бүх улсын дэмжлэгийг авсан байх ёстой. Тиймээс Швед, Финландын эрх баригчид эсэргүүцэж байгаа ганц улс Туркийн байр суурийг зөөллөх зорилгоор дипломат алхам хийж байна.

Швед Финланд улсууд Оросын Украинд хийж байгаа дайны нөлөөгөөр бүс нутгийн аюулгүй байдалд эрсдэл учрах вий гэсэн болгоомжлолын үүднээс НАТО-д элсэх өргөдлөө өнгөрсөн 7 хоногт гаргасан юм. НАТО улс орнууд зөрчилтэй асуудлаа шийдвэрлэж, тохиролцохоор нь энэ 2 улсыг гишээр элсүүлж авна гэж Ерөнхий нарийн бичгийн дарга нь Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр мэдэгджээ.

Энэ үйл явц Украин дахь Оросын дайны геополитикийн хамгийн том үр дагавруудын нэг бөгөөд Европын аюулгүй байдлын газрын зургийг дахин зурна гэж шинжээчид тодорхойлж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Швед, Финланд улсууд Туркийн дэмжлэгийг авахаар дипломат алхам хийж байна  
Үзсэн: 357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй