Шууд Chart

ОХУ: Дани, Герман, Нидерландын зарим компаниудад байгалийн хий нийлүүлэхээ зогсоолоо

2022-06-02 11:44:59

ОХУ-ын төрийн өмчит Газпром компани Дани, Нидерландын байгалийн хийн компаниуд болон Германд гэрээгээр хий нийлүүлдэг Шелл зэрэг компаниудад байгалийн хий нийлүүлэхээ зогсоосон байна. Эдгээр компаниуд төлбөр тооцоогоо рублиэр төлөхөөс татгалзсаны улмаас ийм шийдвэр гаргасан гэж Газпром тайлбарлажээ.

Гэхдээ энэ шийдвэр Европын холбоо Москвад шахалт үзүүлэх зорилгоор 2022оны эцэс гэхэд Оросын газрын тосны импортоо 90 хувь хүртэл бууруулах шийдвэр гаргасантай холбоотой гэж хэвлэлд онцолж байна.

Германд гэрээгээр байгалийн хий нийлүүлдэг Шелл хэдийгээр Газпром хийн нийлүүлэхээ зогсоосон ч Европ дахь хэрэглэгчдээ хийгээр таслахгүй, өөр эх үүсвэрүүдээс байгалийн хийг үргэлжлүүлэн нийлүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Мөн Нидерландын Засгийн газрын өмнөөс байгалийн хийн импортыг хийдэг ГазТерра компани энэ оны 12 дугаар сар хүртэл Газпромоос 2 тэрбум шоо метр хий авах гэрээтэй байсан юм байна. Одоо энэ орон зайг нөхөх өөр эх үүсвэр олохоор ажиллаж байгаа аж.

Оросын нийлүүлэлтээс хамааралгүй болохоор төлөвлөж байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан Данийн Өрстед компани хэрэглэгчдээ хийгээр таслах эрсдэл гарахгүй гэсэн байна.

Өрнөдийн хориг арга хэмжээний хариуд ОХУ Польш, Болгар, Финланд зэрэг улсуудад байгалийн хий нийлүүлэлтээ аль хэдийн зогсоогоод байна. Орос байгалийн хий худалдан авахдаа төлбөр тооцоогоо зөвхөн рублиэр хийх шаардлагыг худалдан авагч улсууддаа тавьж байгаа. Оросын энэ шаардлага Өрнөдийн хориг арга хэмжээний нөлөөгөөр суларсан Оросын мөнгөн тэмдэгт рублийн ханшийг чангаруулах зорилготой гэж эдийн засагчид үзэж байгаа юм.

Оросын Украинд хийж байгаа дайн Өрнөдийн орнуудыг Оросын эрчим хүчний хамаарлаас ойрын хугацаанд гарах сонголт хийхэд хүргэсэн. Одоогоор Европ байгалийн хийн хэрэглээнийхээ 40 хувийг Оросоос авч байна. Түүн дотор Герман, Итали улсууд Оросоос хамгийн их хий авдаг орнууд юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ: Дани, Герман, Нидерландын зарим компаниудад байгалийн хий нийлүүлэхээ зогсоолоо   
Үзсэн: 407 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй