Шууд Chart

Нялх хүүхэд хөдөлгөөнтэй биетийг илүү сонирхдог...

2022-07-24 10:51:13

Ухаалаг, цэцэн мэргэн харцтай…  өөрийг чинь нэвт харж,  бүхнийг ойлгож байгаа мэт санагддаг.
(Нэгэн эхийн яриа)

Хүүхэд чинь таны хэвлийд, тас харанхуйд байсан шүү дээ. Тийм болохоор, нүд нь тааруухан хөгжилтэй байдагт гайхах зүйлгүй. Энэ нь бас, хараа хариуцдаг тархины хальсны хэсэг, сонсгол хариуцсан хэсэгтэй нь харьцуулахад тааруухан хөгжилтэй байдаг явдалтай ч холбоотой юм. Дөнгөж төрсөн хүүхдийг, харж буй зүйлийнхээ тодрох цэгийг тааруулах, урьд нь үзээгүй хурц гэрэлд дасах, өнгө ялгах, амьдралдаа анх удаа харж байгаа зүйлсийг ухаарах гэх мэт маш хэцүү даалгавар хүлээж байдаг.

Амьдралынх нь эхний хормоос тархиных нь эсүүд идэвхтэй ажиллаж, нялх үрийг чинь шинэ мэдлэгээр баяжуулж, хүрээлэх орчинтойгоо харьцах шинэ холбоо тогтоож байдаг юм. Хүүхдийн харах чадавх том хүний харааны чадавхын 4 хувийг эзэлдэг. Дөнгөж төрсөн хүүхэд өөрөөс нь ердөө л 25 сантиметр зайтай байгаа зүйлийг л тодруулан харж чаддаг юм. Энэ нь, хөхөж буй хүүхэд эхийнхээ цээжийг харж чадна гэсэн үг л дээ. Хүүхэд чинь өнгө сайн ялгаж чадахгүй, жишээлбэл, улаан болон шар өнгийг амархан ялгадаг бол цэнхэр болон ногоон өнгө адилхан харагдаж байгаа. Хүүхэд бас бүдэг өнгө ялгахдаа их зүдэрдэг юм.

Таны хүүхэд юу сайн хардаг юм бол? Тод ялгарсан, тэгш шулуухан ирмэгтэй энгийн зүйлсийг ойрын зайнаас илүү тод хардаг. Цагаан цаасан дээр хараар зурсан геометрийн элдэв дүрс түүний сонирхлыг лавтайяа татна. Тэгээд ч энэ нь хараагаа хөгжүүлэх нь тустай зүйл юм шүү дээ. Бяцхан үр чинь бас нүдний нь үзүүрт харагдсан хөдөлгөөнтэй зүйлсийг их сонирхдог гэнэ.

Гэхдээ хүүхдийн хамгийн сонирхдог зугаа бол хүний царайг харах явдал байдаг. Дөнгөж төрсөн хүүхдэд сонирхолтой зүйлсийг тоохгүй, хүний царайг нүд салгалгүй ажигладгийг эрдэмтэд тогтоожээ. Хүүхэд эхлээд хүмүүсийг нүүрнийх нь дүрсээр таньж, хэлбэр дүрсийг нь тогтоох бөгөөд нарийн төрхийг нь анзаардаггүй. Иймд, төрөөд удаагүй хүүхэд дээрээ үсээ огт өөр маягаар янзлуулаад очих юм бол түүнийг их гайхшрах болно. Хүүхэд эхлээд, таны яриаг сонсох хүртлээ, танихгүй хүн ирлээ гэж бодоод айж ч болох талтай.

Таны хүүхдийн харааны тогтолцоо хоёр сарын дотор үлэмж сайжирна. Урьд нь, хүүхдийн чинь баруун болон зүүн нүдээрээ харсан зүйл, тархины баруун болон зүүн хагас бөмбөлөгт тус тусдаа боловсордог байсан бол, яваандаа товойлгон харж, хол ойрыг ялгах болж, тархинд нь нэгдмэл нэг зураг болж харагдана. Энэ бол, бяцхан үр чинь хорвоог танин мэдэх явцдаа олсон томоохон амжилт билээ.

Хүүхэд гурван сартайдаа хүмүүсийг ялгах болж, нүд, хамар, амных нь хэлбэрийг анхааралтай ажиглаж эхэлнэ. Түүгээр ч барахгүй, ээжийнхээ сэтгэл санааг царайных нь байдлаар, төрөлхийн хөө зөнгөөр тааварлаж эхэлдэг. Ярвайсан бол ээж нь дургүйцсэн байж таарна. Нүд болон уруулаараа инээж байх нь, түүний ээж сэтгэл хангалуун, жаргалтай байгааг харуулж байгаа хэрэг. Иймд, хүүхдийн сэтгэл ч хангалуун байдаг гэнэ.

Таны хүүхэд зургаан сар хүрэх үед харах чадвар нь том хүний харааны чадавхын 10 хувь орчимд хүрч сайжирдаг. Тэр үед, хүүхдийн чинь алсыг харах чадвар хоёр дахин нэмэгдэж, хөдөлгөөнтэй зүйлсийг дагуулан хардаг болно. Дараачийнх нь зургаан сард харах чадвар нь том хүний чадавхад дөхөж очно. Гэхдээ энэ нь хараа бүрмөсөн сайжирсан хэрэг биш бөгөөд хараа сайжрах үйл явц дахиад дөрвөн жил үргэлжилдэг ажээ.

Хүүхдийн эрхтнүүд хамтдаа ажиллахад суралцаж, түүний тархинд шинэ, нарийн төвөгтэй холбоо үүсгэнэ. Цагийн юм цагтаа болдог нь мэдээж боловч, хүүхдээ илүү хурдан, өв тэгш хөгжүүлэх боломж танд бий.

ЗӨВЛӨГӨӨ:

Нярай хүүхдийн харааг сайжруулах зөвлөгөө болон хялбархан дасгалууд:

1. Хүүхдийнхээ эргэн тойронд геометрийн зөв дүрстэй, хурц тод, бие биеэсээ ялгарсан өнгөтэй (хар, цагаан, улаан, шар) эд юмс байлгахыг хичээ. Энэ нь тоглоомын тухай томчуулын ойлголттой авцалдахгүй байж болох ч, нялх хүүхдийн харааны хөгжлийн онцлогийг харгалзан үзвэл, чухамхүү ийм эд зүйлс болон тоглоом л түүнийг хөгжүүлдэг юм. 

2. Нялх хүүхэд ялангуяа хөдөлгөөнтэй биетийг их сонирхдог. Иймд, худалдаж авсан шинэ тоглоомыг хүүхдэдээ харуулахдаа, түүнд харагдах газар хөдөлгө. Хүүхэд чинь эхлээд таны үйлдлийн хариуд эмх замбараагүй хөдөлгөөн хийх боловч, яваандаа дагуулж харах чадвартай болно.

3. Орон дээр нь өлгөсөн шажигнадаг тоглоом болон зургийг байсхийгээд солих буюу шинэ тоглоом нэмж бай. Урьдын тоглоомон доо хүүхэд чинь дассан болохоор, шинэ тоглоомыг зайлшгүй анзаарах болно. Тоглоомыг сольсноор шинэ сэтгэгдэл төрж, улмаар хүүхдийн идэвхтэй, өв тэгш хөгжилд тус дэм болдог.

Таны дэргэд жижигхэн хирнээ гайхалтай ертөнц өсөн торниж байна. Тэр ертөнцийг хамгийн сайхнаар дүүргэх нь эцэг эх бидний үүрэг юм. Хүүхэд нэг л мэдэхэд бусдын тусламжгүйгээр сууж, тоглоом руугаа мөлхөж, нэг л мэдэхэд тэнтэр тунтар хийгээд алхалж сурчихсан байдаг. Хорвоо дэлхийг өөрийнхөөрөө таньж мэдээд, тэр л ертөнцөө хүссэнээрээ "бүтээхэд" нь бяцхан үрд тань тохь тухтай, чөлөөтэй байдал хамгаас чухал.


Нялх хүүхэд хөдөлгөөнтэй биетийг илүү сонирхдог...  
Үзсэн: 692 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй