Шууд Chart

Үдшийн цагаан бүгээ

2022-07-27 11:23:04

Сэрүү татаад энэ үдшийн сайхныг ээ... Сор нь гүйцсэн бүжин туулайн арьс шиг цагаахан бүгээ татаад, хаа нэгтэйгээс үе, үе мэлхий вааг, вааг дуугарч аниргүй үдшийн гоцлооч хийгээд, саяхан л уулсын сэрвээнд ягааран хөшиглөж байсан өтгөн үүл харлаж тэнгэрт бүүдийгээд, үнээний зэлэнд уугиж дуусаагүй аргалын утаа ороолдон мушгирч үдшийн салхинд уусан замхраад л. Өдөржин шогшсон хонины хээр аргамжааны гадас ороож нуруу амраан хөрвөөж, уул, тайгын ногоон өнгө улам өтгөрч харагдаад, талын жижигхэн богширго марааны зэгсэн дунд бээвийгээд, сарны гэрэлд өвс ногоо лам шаргал өнгөнд хувираад л амар амгалан даа... 

Айлын гэрт цээж нүцгэн жаал хүү сандал дээр зогсож пүл, пүл хийтэл айраг бүлэх нь сонсогдоод, ард голын захаар зүс бүгээн морьтой халмаг эр амрагийн дуу аялан давхиад, үдэш хотолсон хонин сүрэг тургилан майлалдаж үдшийн анир үргээгээд, цар, цар дуугарах царцаа, голионы дуу намжаад л. Эрэлд явсан адуучин исгэрч, түмэн адууны төвөргөөн сонсогдоод, нйгал, найгал модод үдшийн салхинд шуугиад л, голын жижигхэн боргио эгшиг яруухан хоржигноод л, гангын үнэр хаяа шуулттай ханан завсраар сэнгэнээд нэг л сайхан даа...

Гуйлан шанага шиг саран нууран дунд давалгаалан хөвөөд, анир солонгын увидастай цэцэгс цомирлогоо хумин зүүрмэглээд,  тэнгэрийн наагуур үүл нүүж, үдшийн гялаан оддыг хөдөлгөөд, бор гөрөөсний буухирлах дуу үдшийн намуунд хөг нэмээд, хаа хүрэхээ мэдэхгүй төөрсөн тэмээлзгэнэ нисэн ирж дух мөргөөд, хачин сөөнгө хоолойтой эр найрын гэрт “Найгал гол”-ыг дуулаад, хажуугаас нь нэг хүүхэн нударч тас, тас хөхрөх нь дэлгэр зуны агшин даа...
Модон дотор хүлэг морь уулс цуурайттал янцгаагаад, алсын алсад цахилгаан цахиж үдшийн бүгээнд гялсхийтэл гэрэл нэмээд, бөгтөр, бөгтөр шивээн толгой морин хуур тоглож буй монгол эр шиг найгаад, бөмбөн цагаан гэрийн тооноор зулын гэрэл бүдэгхэн туяараад, оройтож ирсэн хэдэн үхэр зэлний дэргэд нүдээ анин салхи хивээд, аргалын галд сүү замхрааж саальчин бүсгүй бодолд дарагдаад, уяан шон дээрх хурдан хүлэг маргаашийн наадмыг санан сортолзох нь үдшийн цагаан зураглал даа...

Морины уруул дүүрэн тал намуун үдшийн сэвшээнд бүүвэйлүүлж, өндөр настай өвгөн эсгий олбог дэлгэн завилж үдшийн үлгэр эхлүүлээд, тэнгис далайгаас үүсэлтэй хадан цохионд сар толидон мишээгээд, тэртээ алсын юмс бүхэн манан зүсээд орж буй хангайн буга шиг улам, улам бүдгэрээд, эмнэг унаганы цовхчоонд чангарч байсан зэл уйтай юм шиг бодогдоод, ар цармын ганц хус үдшийн тэргэл бүгээнд цагааран сондгойрч үзэгдээд, их л залуугийн явдал гэнэт санаанд орж ирж бодогдоод даанч яруухан үдэш дээ...

Тогоотой сүүнд цөцгий хөвөх нь үдшийн цагаан гэгээ юм. Тооноор сарны гэрэл тусах нь үдшийн цагаан гэгээ юм. Цаг товлож хосууд болзох нь үдшийн цагаан гэгээ юм. Цүү хаяж залуус хөгжих нь үдшийн цагаан гэгээ юм. Цэлмэг тэнгэрт заадас татах нь үдшийн цагаан бүгээ юм аа... Төгөлдөр сайхан даа... 

Өдөржөн дуугүй хэвтсэн банхар үдшийн бүрийгээр ганц нэг хуцах нь арслан, барын архираа мэт, өргөн дэлхийн үдшийн дуу чимээ симфони найрал хөгжим мэт, шанхны үс үргээж намируулах алчуур хөх салхи үдшийн бүүвэйн дуу мэт, сараа тойрон дугуйрах хүрээ шаргал туяа үдшийн амин чанар мэт, уяан дээр ганц морь амгай шаргиулан эвшээх нь үдшийн нандин дуу мэт, өнчин ганц үүлнээс бороо шиврэх нь үдшийн зөөлөн чимээ мэт их л сонин доо...

Өвс ургамал салхи нөмрөөд үдшийн бүрийд орших нь, цар, цар дуутай царцаа,  голио дуугаа намжааж үдшийн бүрийд аниртах нь, адуу амарч үдшийн бүрийд тогтох нь, цээжний гүнээс уярал төрж үдшийн бүрийд хайрлах нь, амрагаа санан бодож үдшийн бүрийд гэгэлзэх нь, цүнхээлд загас үсрэхийг үдшийн бүрийгээр харах нь, нарны гэрэлд бөхийсөн цэцэг, сарны гэрэлд өндийх нь, бүрхсэн тэнгэр үдшийн бүрийгээр цэлмэх нь даанч сайхан даа...

Алтан эрвээхэй цэцгэн дээр суугаад үдшийн цагаан бүгээнээр бясалгахыг харсан уу, уулс дэрлээд хэвтсэн манан үдшийн цагаан бүгээнээр өндийхийг мэдсэн үү.  Модны чөлөөнд ганц адуу гоо сайхны тухай зүүдлээд нулимс унагахыг үзсэн үү, үдшийн бүрийгээр уулын горхинд гөрөөс ихрэх алтан хормыг мэдсэн үү. Үүрийн цагаан бүгээнээр.

Үдшийн цагаан бүгээ шиг гэрэлтэнэ. Үдшийн цагаан гэгээ шиг жаргана. Үдшийн цагаан бүгээ шиг нүүж үйлийн үрээ чимээгүй эдэлнэ. Үдшийн цагаан бүгээ шиг цэцэглэнэ. Үдшийн цагаан бүгээ шиг бөхийнө. Үдшийн цагаан бүгээ шиг үүснэ. Үдшийн цагаан бүгээ шиг бүрэлдэнэ. Үдшийн цагаан бүгээ шиг бөхийнө. Үдшийн цагаан бүгээ шиг бадарна. Үдшийн цагаан бүгээ шиг жаргана. Сэрүү татаад энэ үдшийн сайхныг ээ...

Сор нь гүйцсэн бүжин туулайн арьс шиг цагаахан бүгээ татаад, хаа нэгтэйгээс үе, үе мэлхий вааг, вааг дуугарч аниргүй үдшийн гоцлооч хийгээд, саяхан л уулсын сэрвээнд ягааран хөшиглөж байсан өтгөн үүл харлаж тэнгэрт бүүдийгээд, үнээний зэлэнд уугиж дуусаагүй аргалын утаа ороолдон мушгирч үдшийн салхинд уусан замхраад л. Өдөржин шогшсон хонины хээр аргамжааны гадас ороож нуруу амраан хөрвөөж, уул, тайгын ногоон өнгө улам өтгөрч харагдаад, талын жижигхэн богширго марааны зэгсэн дунд бээвийгээд, сарны гэрэлд өвс ногоо лам шаргал өнгөнд хувираад л амар амгалан даа...

 
Нийтэлсэн: Х.Дугарсүрэн

Үдшийн цагаан бүгээ  
Үзсэн: 1997 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй