Шууд Chart

Дэлхийн монголч эрдэмтэд чуулж байна

2022-08-06 13:43:43

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” цогц арга хэмжээний нээлт боллоо.
 
Энэхүү үйл ажиллагаанд 14 орны 54 монгол судлаач өөрийн биеэр, 12 судлаач цахимаар оролцон илтгэл тавьж байгаа юм.
 
Монгол төрийн бодлогын цөмд монгол судлал чухал байр суурь эзэлдэг. Монгол судлалын тэргүүлэх чиглэл болсон Чингис хаан судлалыг өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд Монголын төрөөс Чингис хаан өв соёлын бие даасан судалгааны хүрээлэнг байгуулсан. Энэ хүрээндээ Чингис хаан судлалын олон улсын холбоо байгуулж, дэлхийн эрдэмтдийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах, Чингис хааны өв соёлыг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн хурлаар Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулж, Чингис хаан судлалын олон улсын хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурван жил тутам зохион байгуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргалаа. Монгол хүн, айл өрх бүр Чингис хааны эш хөргийг залах Ерөнхийлөгчийн зарлиг нь Чингис хааны өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх ажлын нэг.
 
Монголын түүх, үлдээсэн өвийг нарийвчлан судлах ажлыг Монгол Улсын төдийгүй дэлхийн эрдэмтэн, судлаачид хамтран гүйцэтгэх төсөл хөтөлбөрийг салбар яамны зүгээс дэмжин ажиллаж буй. Мөн Монгол судлалын ирээдүй болсон залуу монгол судлаачдыг бэлтгэх, тэдний судалгааны ажлыг дэмжинэ.
 
“Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал нийт таван салбар хуралдаанаар 155 илтгэл хэлэлцүүлнэ. Тодруулбал:
“Монголын түүх, угсаатны судлал”,
“Монгол хэл, уран зохиол судлал”,
“Монголчуудын соёлын ертөнц”,
“Монголчууд ба гадаад ертөнц”,
“Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа” сэдвээр таван салбар хуралдаан болох юм.
 
Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр монголч эрдэмтдэд Төрийн дээд шагнал гардууллаа гэж БШУЯ-наас мэдээллээ. 

Дэлхийн монголч эрдэмтэд чуулж байна  
Үзсэн: 587 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй