Шууд Chart

Үнэн алдартны шашинтнууд улаан өндөгний баяраа тэмдэглэлээ

2016-05-02 16:20:05

Өчигдөр дэлхийн үнэн алдартны шашинт олон орон улаан өндөгний баяраа тэмдэглэлээ. Христийн шашны Католик болон протестант урсгалынхан Григорийн тооллын дагуу өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд улаан өндөгний баяраа тэмдэглэсэн юм. Харин Үнэн алдартны сүмүүд Юлийн тооллыг дагадаг учраас 1 сар гаруйн дараа улаан өндөгний баяраа ийнхүү угтан авсан байна.

Дэлхий дээр үнэн алдартны шашинт 200-300 сая хүн бий гэх тоон судалгаа байдаг байна. Эдгээр сүсэгтнүүдийн дийлэнх нь Зүүн Европ, Еврази, Балканы хойгийн орнуудад амьдардаг юм. Христийн дахин амилсан өдрийг бэлгэддэг улаан өндөгний баярыг тохиолдуулан манай хойд хөрш ОХУ-ын нийслэл Москва хотын Үнэн алдартны төв сүмд ариун ёслолыг зохион байгуулсан байна. Энэ ёслолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нар оролцжээ. Иерусалимын Христ дахин амьдарсан сүмээс жил бүр ямар нэг шидэт аргаар асдаг гэх домогтой ариун галыг Москва хотын гол сүмд Улаан өндөгний баярын мөргөл эхлэхийн өмнө аваачсан байна.

Улаан өндөгний баяр Оросын ард түмний хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг баярын нэгд зүй ёсоор тооцогддог юм. Ирэх онд Григорийн болон Юлийн цаг тоолол давхцаж, католик болон үнэн алдартны шашинтнуудын аль аль нь улаан өндөгний баяраа дөрөвдүгээр сарын 16-ны өдөр угтан авах юм байна.  

Нийтэлсэн: Э.Энхрэл

Үнэн алдартны шашинтнууд улаан өндөгний баяраа тэмдэглэлээ  
Үзсэн: 945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй